Хорт хавдраа ялан дийлсэн Ганболдын ховор жор

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-05-21 14:47:53


Тавь хол гарсан насандаа эцсийн шатандаа орсон ходоодны хорт хавдрыг ялж гараад одоо эрүүл саруул, эрч хүчтэй амьдарч яваа түүний тухай ярихад олон хүн гайхах нь дамжиггүй. 

Ингээд зогсохгүй хүнд хагалгаа, эмчилгээний дараа олон жил хичээллэсэн волейболын спортоороо олон улсын хэмжээний мастер цол хүртсэн түүнийг энэ хорвоогийн хамгийн их сэтгэлийн тэнхээтэй хүн гэж хэлэхэд буруудахгүй болов уу. 

Таныг хавдар өвчинтэй хүнд мэс заслаар ходоодоо авахуулж, тэмцэлдэж, ялан дийлж чадсан Б.Ганболдтой уулзуулъя.

Ходоодны хорт хавдар туссан гэдгээ хэзээ, яаж мэдсэн бэ?

Мэс засалд орохоосоо жил гаруйн өмнө буюу өнгөрсөн оны хавар мэдсэн.

Анх энэ мэдээг дуулахад их л хүнд тусдаг юм билээ.

Энэ өвчнийг тусахаасаа өмнө хорт хавдрын талаар, ялангуяа ходоодны хорт хавдрын талаар хэр зэрэг мэдлэг, мэдээлэлтэй байсан бэ?

Мэдлэг их дутмаг байсан.

Монгол хүн ер нь сүх далайтал үхэр амар гэгчээр өнөөдөр л болж байвал маргааш яахав гэсэн бодолтой юм байна гэдгийг сайтар ойлгож авсан.

Би ийм өвчтэй болсноо мэдээд хэвлэл мэдээллийн хэрэгслээс орос, монгол хоёр хэлээр ходоодны хорт хавдрын талаар нэлээд уншиж судалсан.

Тэгээд зохих мэдлэгтэй болж эхэлснээр өвчинтэйгээ тэмцэхээр шийдсэн гэж хэлж болно.

Хүн ер нь хоёр жил тутамд дурангийн үзлэг оношилгоонд заавал орж, ходоодоо дурандуулж байх хэрэгтэй юм байна.

Ингэснээр ходоодны хавдрыг эрт оношлуулах боломжтой болно.

Зовиур анх яаж илэрсэн юм бол?

Анх 1987 оны үед ходоодны шархтай байна гээд зохих эмчилгээ хийлгэж байсан юм.

Тэгээд далд үедээ орчихсон байсныг нь эрүүл болчихлоо гээд орхичихсон хэрэг.

Гэтэл 30 гаруй жилийн дараа буюу өнгөрсөн хавар нэг л өглөө хоолойгоор ус ч давахаа больчихсон.

Хоол идэх нь битгий хэл шингэн зүйл ууж чадахаа байсан.


Тэгээд л шууд эмнэлэгт хандсан уу?

Эмчид үзүүлэхэд “Таны өвчин эцсийн шатандаа орчихжээ. 

Найдвар тун хэцүү.

Мэс засал хийж болохгүй.

Зөвхөн химийн эмчилгээ л хийж болно” гэсэн.

Хоёр ч удаагийн эмч нарын зөвлөгөөнөөр ороход хоёуланд нь ингэж хэлсэн.

Миний өвчин IV шатандаа орж хүндрээд бүх булчингууддаа халдварлаад нөлөөлчихсөн байсан юм.

Миний хэлэхийг хүсч байгаа өөр нэг зүйл бол манай эмч нар энэ хүнд амьдрал бэлэглэчих юм сан гэсэн маш их хүсэл эрмэлзэлтэй боловч хуулиндаа баригдаж, сүрдээд чаддаггүй болохыг би их сайн ойлгож авсан.

Хуулиас болоод эмч нар ур чадвараа бүрэн гаргах боломжгүй болж байна.

Би хагалгаанд орохын тулд ойр дотнын 17-24 хүний гарын үсэг цуглуулах хэрэгтэй болсон.

Яагаад гэвэл хэрэв би хагалгаагаа дийлэхгүй ямар нэгэн юм тохиолдвол тэр эмч нар хуулийн өмнө хариуцлага хүлээх учраас тэр.

Та тэгвэл бараг аз туршиж хагалгаанд орсон юм биш үү?

Би өөрөө сэтгэл зүйн бэлтгэлээ их сайн базааж, бэлдсэн.

Эдгэрнэ гэсэн итгэлтэй байж, сэтгэлийн хаттай байж чадсан гэх үү дээ.

Үр дүн хэр хурдан гарч эхэлсэн бэ?

Хими эмчилгээнд орсноос хойш бага багаар үр дүн гарч эхэлсэн.

Химийн эмчилгээ тийм амар биш.

Ихэнх хүмүүс шантарч няцдаг.

Миний биед химийн хор биш, зүгээр л нэг дусал, тариа хийж байна шүү гэх маягаар төсөөлөн бодож, сэтгэл зүйгээ бэлдсэн.

Ингэвэл хими эмчилгээндээ хордох нь илүү бага байдаг.

Яагаад хүмүүст хими эмчилгээний дараа хордлого өгдөг вэ гэхлээр арьс махны завсар өөхөн гадаргууд хуримтлагдсан хороо гаргаж чадахгүйгээс болдог.

Тиймээс би өдөрт хоёр удаа халуун бүлээн босоо шүршүүрт орж байсан.

Ингэж хоёр удаа босоо шүршүүрт орох үеэр химийн хор болох угаадас шиг саарал өнгөтэй зүйл биенээс гардаг.

Тэр нь их муухай үнэртэй.

Ингэж хороо гаргаж чадвал химийн эмчилгээнд хордох нь гайгүй гэдгийг над шиг өвчтэй болсон бусад хүмүүст хандаж зөвлөмөөр байна.

Дээр нь хүнд өвчтэй болсон тохиолдолд тийм ч ургамал, ийм ч юмны үндэс сайн гэж дур мэдэн хэрэглэхээс эрс татгалзах хэрэгтэй.

Учир нь хүн бүрийн бие махбодь харилцан адилгүй.

Тиймээс элдэв эмийн ургамал, ардын эмчилгээнд битгий найдаарай гэж захимаар байна.

Хэзээ ч тэдгээрийг хэрэглэж болохгүй шүү.

Хэрвээ хүнд өвчин туссан хүн бүр тэр ургамлуудыг чинь хэрэглээд эдгэчихдэг байсан бол орчин үеийн энэ хүчирхэг анагаах ухааны хэрэг гэж байх уу.

Тиймээс ам дамжсан элдвийн ургамал, сүлжээний эм бэлдмэлд битгий найдацгаа.


Одоо та өөрийгөө бүрэн эдгэсэн гэж хэлж чадах уу?

Чадна.

Би бүр нүүр бардам хэлж чадна.

Таны хавдар эцсийн шатандаа орсон байсан уу?

Тийм ээ. IV үеийн хамгийн эцсийн шатандаа орсон байсан.

Би өмнө нь долоо хоногт ууланд хоёр удаа гардаг байсан бол одоо гурав болгосон.

Биеийн тамирын зааланд долоо хоногт мөн л нэг удаа очдог байснаа хоёр болголоо.

Өөр дээрээ ачаалал их нэмдэг болсон.

Хүн ер нь сулбайгаад хэвтээд байвал эд эс нь үхжээд байдаг.

Би гэртээ зүгээр сууж байхдаа хүртэл сфайндер тренажёр атгаж, гарынхаа булчинг хөгжүүлдэг.

Ингэж хөдлөх тусам хүний эд эс залуужиж, арьс хүртэл өнгө зүс ороод эхэлдэг юм.

Ходоод хогийн сав биш гэж ярьдаг. 

Гэтэл өнөөдөр манай залуусын зарим нь хамаа замбараагүй архи дарс ууж, наргиж цэнгэх болжээ?

Ходоод хогийн сав биш гэдэг үгнээс гадна явдаг жорлонгоосоо салцгаая гэдэг үгийг би энд хэлмээр байна.

Залуу насаа хайрлая, ходоодоо хайрлацгаая.

Засч сэлбэж болдог автомашиндаа хэдэн зуун мянгаар үзлэг оношилгоо, засвар үйлчилгээ хийлгээд байдаг мөртлөө ямар ч сэлбэг, нөхөөс байхгүй энэ биеийнхээ эрүүл мэндэд яагаад хэдхэн төгрөг зарцуулаад өвчнөөс урьдчилан сэргийлчихэж чадахгүй байна вэ, залуус минь.

Чи бол цорын ганц бодгаль.

Чиний бие чиний унадаг машин шиг нөөц сэлбэг гэж байхгүй гэдгийг ойлгооч.

Дээр нь хань ижилдээ үнэнч бай. 

Хайртай хүмүүсээ, хань ижилээ битгий гомдоо. 

Тэдэндээ битгий хатуу хүтүү үг хэл. 

Хүнд амьдралын хань ганц л заяадаг юм. 

Хайртай хүмүүстээ чиний үзүүлж чадах хамгийн сайн хайр халамж юу вэ гэвэл чи өөрөө эрүүл байх явдал шүү.

Та волейболын спортоор олон жил хичээллэж байгаа.

Хорт хавдрыг ялж гарсныхаа дараа олон улсын хэмжээний мастер болсон байх аа?

1986 онд спортын мастер авч байлаа.

Харин сая эрүүл болсныхоо дараа олон жилийн мөрөөдөл болсон олон улсын хэмжээний мастер цолоо авсан.

Нас бол тоо байхгүй юу.

Би одоо зааланд очихоороо 30-тай залуустай ана мана л волейбол тоглодог.

Залуустаа хандаж спиртээс хол байж, спортоор хичээллэцгээе гэж уриалъя.

Манай улсад спортын заал, танхимын тоо нэмэгдээд байвал баарны тоо төдий чинээ багасна гэж боддог.


Та өөрийгөө эмчилсэн эмч нарт хандаж юу гэж хэлэх вэ?

ХСҮТ-ийн ходоодны мэс заслын эмч Эрдэнэ-Очир, химийн эмч Отгон, тус эмнэлгийн дарга Чинбүрэн болон бусад ажиллагсад, хамт олонд талархаж явдгаа хэлье.

Эдгээр хүмүүсийн нэрийг хэлэх тоолонд миний сэтгэлд баяр баясгалан, бахархал мэдрэгддэг.

Таныхаар сэтгэлийн тэвчээр, хатуужил гэж юу вэ?

Өөрийнхөө зовлонг, өөрийнхөө бурууг өрөөл бусдад нялзаахгүй, үнэн зөв хоёрыг ялгаж сурахыг.

Бас хүнд хараар биш, цагаанаар атаархаж сурахыг сэтгэлийн хат гэж хэлнэ.

Хүнд ер нь сэтгэлийн тэвчээр, хатуужлаас гадна бас надад тохиолдсон шиг гэнэтийн эрсдэлийг тооцоолж чаддаг чадвар хэрэгтэй юм байна гэдгийг сайтар ойлгосон.

Эрсдэлээ тооцоолж, үүнээс урьдчилан сэргийлэх арга замуудыг судлах, мөн эрүүл мэндийн даатгалд хамрагдвал хорт хавдраар өвдсөн ч гэсэн санхүүгийн хүндрэлгүйгээр даван туулах боломжтой юм шүү гэдгийг хэлмээр байна.

Дэлхий дахинаа жилд 17 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 9,6 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байна.

Манай орны хувьд сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл огцом нэмэгдэж, нас баралтын үзүүлэлтээрээ элэг болон ходоодны хорт хавдраар дэлхийд нэгдүгээрт, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдраар дэлхийд гуравдугаарт орж байна.

Мөн Монгол улсын нас баралтын тэргүүлэх таван шалтгааны хоёрдугаарт хорт хавдрын өвчлөл орсоор байна.

Холбоотой мэдээ