Венесуэл улсыг бид "Халтар царайт" киногоор нь мэднэ.

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-26 03:01:12

Венесуэл улсыг бид "Халтар царайт" киногоор нь мэднэ. 

Одоо энэ улс жинхнээсээ (хашилт ашиглах шаардлагагүй) халтар царайт болчихсон. Энэ мөнгөн дүнг л харчих, иргэд нь 2018 онд:

00 цаасыг 2,600,000 боливар (эдний мөнгөн тэмдэгт)

нэг ширхэг саванг 3,500,000 боливар

нэг кг махыг 9,500,000 (1.45$) боливараар худалдаж авдаг байжээ. 

Тэр жил Венесуэлийн инфляцийн түвшин 130,060% (нэг зуун гучин МЯНГА жаран хувь) өссөн байдаг.


Дэлхийд  газрын тосны нөөцөөрөө толгой цохьдог энэ улс яагаад ингэж "дампуурах" болсон нь сонин.

Тээр жил Уго Чавес гэж халуун цустай эр (манайхны хэлээр "чанга гар") гай, гавъяаг хослуулан энэ улсыг олон жил удирдсан зүүний үзэлтэн байв.

Жигтэйхэн сайхан цэрэг ёсолгоотой, өөрт нь зохино гэж ванлий.

Өөдөөс нь сарвалзсан нэгнийг зүгээр өнгөрүүлнэ гэж байхгүй, Сэм авгын нутгаас хэнтэй ч нэгийгээ үзнэ гэдэг шазруун эр байж. 

Гэхдээ улс залсан он жилүүддээ ТӨРИЙН САВРЫГ дүрж болох бүхэнд дүрсэн өөдгүй эр. 

Уго 2013 онд өөд болсны дараа залгамжлагч нь гэж (уг нь сонгууль болдог улс даа) ТИЙЧИГНЭСЭН ПОПУЛИСТ, ДҮРДЭЭ ИТГЭСЭН КОММУНИСТ Николас Мадуро гэгч "Халтар царайт" гарч ирээд "Угогийн заасан замаар урагшаа", "Гадаадын хөрөнгө оруулагч нар чөтгөр лүүгээ тонил", "Бидний баялаг 100% биднийх", "Чөлөөт зах зээл гэж юу байсан юм" гэсээр түүхийн номыг араас нь урагш бичиж эхэлсэн байдаг. 


Гай нь таарч газрын тосны үнэ тэр үеэр шалдаа бууж, хөгөө чирэх эхлэл тавигдсан. 

Угаас газрын тос нь л эдний лангуун дээрх ганц бараа, тэрнээсээ бүх зүйл хамааралтай. (Жич: манайх хэдэн бараатай вэ?)

Улсаа илт элгээр нь хэвтүүлсэн ч сонгуулиас сонгуульд ямар нэг аргаар ялсаар байдаг нь Мадуро эрхмийн хувьд бахархал. 

Үнэнээсээ ялдаг ч байж болно, ямартаа ч ямар нэг арга зальхайгаар ялаад л байдаг. 

Сөрөг хүчний тэргүүлэгчдээ барьж хорих, эсэргүүцлийн жагсаалыг нухчин дарах, бусад улсаас ирэх хүмүүнлэгийн тусламжийг замд нь цэргүүд жагсаан тасалдуулах зэрэг ажиллагааг авч хэрэгжүүлсэн нь хэвлэлүүдээр дүүрэн байдаг. 

Зарим нь дэгсдүүлсэн байж болно. 

Гэхдээ энэ улс элгээрээ хэвтээд удаж байгаа нь үнэн. 

Иргэд нь шуудай шуудайгаар мөнгөө тоолон хүнсээ авч, мөнгөгүй ажилгүй туйлдсан нэгэн нь урт хар гэзгээ тайрч (Малена шиг) Колумбид зарахын төлөө хилийн боомт дээр шавсан нь ч үнэн.

Улсаасаа дүрвэх гээд 3 сая хүн ийш тийш таран алга болсон нь ч үнэн.



Арай ч дээ, улс байна даа. 

Эдний 28 сая хүн бүгдээрээ тэнэгтээ ингээд зовж амьдраагүй байлгүй дээ гэхэд ийм байдалд оруулсан, ийм байлгасаар байгаа ПОПУЛИСТУУД байсаар л байна. 

Эдний санаа нь баялагтаа эзэн нь байх, ард түмэндээ ашиг хүртээх "Норвеги мөрөөдөл" байсан шиг. 

Хэдий тийм ч угаас боловсролгүй, чадваргүйн дээр сандал ширээнээс буух даанч дургүй хэдэн нөхрийн цувдаг сэтгэлтнүүдээс болж 28 саяулаа гудамжинд боливараа хийсгэх үндэс нь ч байж болно.

Хүний хүмүүс яах вэ гэхэд хэдүүлээ яана даа? 

Халамжийн мөнгө тараахын тулд гаднаас зээл аваад байдаг. 

Зарим нэг хүний хэзээ ч нэрийг нь сонсож байгаагүй багийн төв рүү хар зам тавиад байдаг. 

Уулын мухарт хоёр хүний духыг хэдэн тэрбумаар нийлүүлээд байдаг. 

Төсвийн мөнгө ямар ёолох биш, тэд туйлсаар л байна. 

Болоод л байгаа юм шиг үгсийг дээрээс чулуудаад байхад болохгүй байгааг нь биеэрээ нэг сайн мэдэрсэн байлтай. Ухаантай даа та бүгд минь... 

Би Монгол хүний гэгээн ухаанд итгэдэг.


Холбоотой мэдээ