Сергей Лавров Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардууллаа

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-06-02 01:41:12


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-нд Монголын сансрын нисэгч, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Гүррагчааг ОХУ, Монголын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяаг нь үнэлэн Александр Невскийн одонгоор шагнасан билээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэжээ.

Тус одонг ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өчигдөр (2021.06.01) Москва хотноо гардуулан өглөө.

Тэрээр "Ерөнхийлөгч В.Путины даалгавраар Монголын ард түмний агуу хүү, Оросын ард түмний анд нөхөр Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардуулан өгч байгаадаа их баяртай байна” гэж ёслолын үеэр хэллээ.


Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн бөгөөд ОХУ-ын төрийн шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн боллоо.

Холбоотой мэдээ