Амьдрахад хамгийн таатай хотуудыг нэрлэжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-10 14:45:06

ЛОНДОН. /BBC/. Их Британид төвтэй “Economist Intelligence Unit” байгууллага /EIU/ дэлхийн хамгийн амьдрахад таатай хотоор Шинэ Зеландын Окленд хотыг нэрлэжээ.

COVID-19” цар тахлын улмаас энэ жилийн жагсаалтад нэлээд өөрчлөлт орсон байна.  

EIU” дэлхийн 140 хотыг тогтвортой байдал, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах хүртээмж зэргийг нь харгалзан жагсаасан бөгөөд энэ удаа цар тахал голлох нөлөө үзүүлжээ. 

Тодруулбал:

Австрали, Япон, Шинэ Зеландын хотууд Европын хотуудыг ардаа орхижээ. 

Эдгээр арлын орнууд нь коронавирусний тархалтыг хяналтад авахын тулд шуурхай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр халдварын тохиолдол олноор нэмэгдэхээс сэргийлж, хязгаарлалтуудаа эрт сулруулсан байна.

Харин Европын орнуудын хувьд вакцинжуулалтыг эхлүүлэх явц удаашралтай байснаас гадна олон оронд хатуу хөл хорио тогтоосон нь энэ жилийн үзүүлэлтүүд нь сөргөөр нөлөөлжээ.

Ийнхүү дэлхийн хамгийн амьдрахад таатай хотуудын жагсаалтыг Окленд тэргүүлсэн бол араас нь Японы Осака, Австралийн Аделаида, Шинэ Зеландын нийслэл Веллингтон, Японы нийслэл Токио бичигджээ. Их Британийн хотуудын хувьд энэхүү жагсаалтын эхний 10 байрт багтаагүй байна.

“Оклендэд “COVID-19” цар тахлыг хяналтад авах арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж чадсан нь өндөр оноо авахад нөлөөлсөн” гэж “EIU” мэдээлжээ. 

Харин Австрийн Вена хотын хувьд нэгдүгээр байраас 12 дугаар байр луу ухарчээ.

Тус хот нь сүүлийн жилүүдэд жагсаалтыг тэргүүлж, зарим үед Мельбурн хоттой хамт нэгдүгээрт бичигдэж байсан юм. 

Мөн Германы хойд нутгийн Гамбург хот нь өмнөх жагсаалтаас хамгийн их буурсан дүн үзүүлж, 34 дүгээр байраас 47 дугаарт бичигдсэн байна.

EIU”-ийн тайланд бичсэнээр, хөл хорионы үеэр тогтоосон арга хэмжээ, хязгаарлалтууд нь амьдрахад таатай байдлыг бууруулжээ. 

Амьдрахад хамгийн таатай арван хот

  1. Шинэ Зеландын Окленд
  2. Японы Осака
  3. Австралийн Аделаида
  4. Шинэ Зеландын Веллингтон
  5. Японы Токио
  6. Австралийн Перт
  7. Швейцарын Цюрих
  8. Швейцарын Женев
  9. Австралийн Мельбурн
  10. Австралийн Брисбен

Амьдрахад хамгийн таатай бус арван хот

  1. Сирийн Дамаск
  2. Нигерийн Лагос
  3. Папуа Шинэ Гвинейн Порт-Морсби
  4. Бангладешийн Дакка
  5. Алжирын Алжир
  6. Ливийн Триполи
  7. Пакистаны Карачи
  8. Зимбабвегийн Хараре
  9. Камеруны Дуала
  10. Венесуэлийн Каракас
Холбоотой мэдээ