Н.Энхбаярын шунал, МАН-ын зовлон

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-06-16 05:44:01

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН-аараа хуваагдсан улс төрийн ууган хүчин нэгдэж байгаагаа албан ёсоор зарлаж, МАХН албан ёсоор татан буугдав.  

Намаасаа өрх тусгаарлаж, МАХН нэрээрээ олон жил улс төрд ганц дайчин шиг явж ирсэн Н.Энхбаяр МАН-даа 55 мянган гишүүнээ дагуулаад хадаг барьснаар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН гэсэн санал хуваалт болсонгүй, дэвшүүлсэн У.Хүрэлсүх нь олонхын санал авч, ялалт байгуулав.

Н.ЭНХБАЯР ҮАБЗ, ЦЭЦЭД ОЧИХ САНАЛ ТАВЬЖЭЭ

МАН, МАХН нэгдэх процесс тодорхой хугацаанд өрнөж, Н.Энхбаяр дөрвөн ч сайдын суудал, яамдад дэд сайд, намын түвшинд 2200 албан тушаалтантай болох, хүү Э.Батшугарыг 2021 оны аравдугаар сард болон нөхөн сонгуульд оролцуулах зэрэг тохироотой хадаг барилцсан. 

Гэхдээ МАН-ын зүгээс саналууд яригдаж байгаа ч албан ёсоор эцэслэгдээгүй, хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж ажиллаж байна гэдэг тайлбарыг л өгч байв. 

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс бүх зүйл шалтгаална гэдгийг ч тодотгосон. 

Ерөнхийлөгчийн сонгууль дуусч, МАН 100 жилийн босгон дээрээ Ерөнхийлөгчтэй болсон. 

Үндсэндээ Монголын төрийг МАН дангаараа барьж эхэлж буй.

Тиймээс МАН одоо цаашаа хэрхэх, Н.Энхбаяртай тохиролцох уу, хэрэв тохиролцвол тэрний хүчийг намын залуу удирдагчид барьж чадах уу гээд олон эргэлзээ, асуулт үргэлжилж байна.

Хоёр нам нэгдэж байхад, МАН Н.Энхбаярыг  “мурина” гэх яриа гарч эхэлсэн. 

Угаас одоогийн МАН-ын лидерүүд, удирдлагын түвшнийг харвал Н.Энхбаяр тэдний хажууд хор найруулахдаа гарамгай нэгэн. 

Энэ талаар МАН-ын Бага хурлын гишүүн Б.Лхагважав “Хамгийн том дэмжлэгийг үзүүлэх нэг хүч бий. 

МАН-д саявтар 55 мянган хүнээ хөтөлж оруулж ирсэн Н.Энхбаярын нам байна шүү дээ. 

Тодруулж хэлбэл МАХН. 

Энэ намын тухайд ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлдөө яг энэ концепцоо хийчихсэн яваа. 

Ийм бүхэл бүтэн том мафи МАН-д ороод ирчихсэн. 

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод яваад өгсний дараа нам доторх Н.Энхбаярын хүч ихэснэ. 

Түүний энэ хүчийг сулруулах ганц хүн нь одоо шоронд байгаа С.Баяр” гэж онцолж хэлсэн нь ч анхаарал татаж буй.

Тэгэхээр МАН-ынхан МАХН-тай нэгдэж, 55 мянган гишүүнээ татах сонирхол өндөр ч Н.Энхбаярыг хүсээгүй. 

МАН дотор Ц.Нямдоржоос эхлээд Н.Энхбаярыг хүсээгүй хүмүүс маш олон байгаа нь ил, далд илэрхийлэгдэх болсон.

Чухам иймээс МАН одоо Н.Энхбаярыг хэрхэх вэ. Намын Удирдах зөвлөл, намын бүх түвшинд өөрийн хүмүүсээ томилох, хүүгээ гишүүн болгох, хэд хэдэн яамыг авах гээд түүний шунал дуусахгүй. 

Түүгээр зогсохгүй өөрөө Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болон эсвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтах гэсэн саналуудыг ч тавиад эхэлсэн гэнэ. 

Үгүй бол Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өөрөө оролцох сонирхлоо ч илэрхийлсэн гэх. 

Чухам Н.Энхбаяраас салах ёс хийж, түүний олон жил хийж улс төрийн өшөө авалтыг эхлүүлэх үү эсвэл тохиолцоод, жинхэнэ утгаараа хамтраад явах уу гэдэг МАН-ын шинэ даргын толгойны өвчин болжээ.

МАН-ЫН ШИНЭ ДАРГЫН ШИНЭ ЗОВЛОН 

МАН-ын дарга хэн болох вэ гэдгээс олон зүйл шалтгаална. 

Намын дарга дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын нэрс яригдаж буй. 

Намын их хурлаа ч Ерөнхийлөгчийн тангараг өргөхтэй зэрэгцүүлэн хийхээр болсон нь учиртай.

Өнгөрсөн гуравдугаар сард Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, танхимаа бүрдүүлснийхээ дараа намын дарга болсон бол тэр өнөөдөр илүү их хүчтэй байх байлаа. Гэвч У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын холыг харсан “тоглолт”-оос үүдэж, намын Их хурлаа хийж чадаагүй.

Хэрэв Л.Оюун-Эрдэнэ намын дүрмийн дагуу намын дарга болохоор бол Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар ч яригдах болсон. 

Намын дарга болохын тулд Н.Энхбаярын хүсээд буй дөрвөн сайдын суудлыг өгөхөөс өөр гарц, сонголт байхгүй гэх. 

Харин Д.Амарбаясгалангийн хувьд Н.Энхбаяртай тохиролцвол хэрхэх бол гэдэг нь анхаарал татаж буй. 

Тэр анхнаасаа Н.Энхбаяртай нүүр тулж, түүний хүслийг сонсч, гар барилцсан хүн. 

Тиймээс тохиролцоо цааш үргэлжлүүлэх болов уу.

Тэдний хэн нь ч намын дарга болсон Н.Энхбаярын хүслийг биелүүлж, Засгийн газрын бүтцэдээ өөрчлөлт оруулах уу эсвэл гэдэг сонголттой тулгарна. 

МАН Засгийн газраа хөдөлгөх сонирхол бага ч намын дарга хэн болохоос хувь заяа нь тодорхойлогдоно. 

Эс бөгөөс МАН бүгдээрээ санал нэгдэж, Н.Энхбаярыг мурих ч гарцыг сонгож болно. 

Энэ мэтчилэн Н.Энхбаярын хүсэл, шунал яван чангарах хүчтэй МАН-ын шинэ дарга тулна. 

Тэдний тохиролцох, толхилцохоос МАН-ын зовлон эхэлж ч болох юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд