"Халдвар дахин өссөн нь Covid-19-ийн мутаци байхыг үгүйсгэхгүй"

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-17 01:32:17

Энэтхэг улсаас  мутацилагдсан Covid-19 вирус зөөвөрлөгдөн орж ирсэн гэхээс илүү монголчуудын биед ч вирус мутацилагдаж буйг  ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлсэн нь анхаарал татав.  

Хэрэв мутацилагдсан Covid-19 халдвар Монголд тархсан бол эх үүсвэр нь хаанаас вэ? гэх асуулт урган гарч байна. 

Иргэдийн хувьд Энэтхэгээс мутацилагдсан "Дельта" хувилбарыг Монголд зөөвөрлөн ирсэн тус улсын 60 иргэнтэй  холбож  хардах нь ч  бий.  

 Тус улсын иргэдийн тухайд, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө тусгай үүргийн нислэгээр Монголд ажиллахаар ирсэн мэргэжилтнүүд. Тэднийг Дорноговь аймагт тусгаарлах хугацаанд ихэнх нь Covid-19 халдвартай нь батлагдсан.  

Монгол Улсад халдварын тархалт хяналтаас “гарч” байгаа нь үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. 

 ОЛОН ХҮНД ХАЛДАХ ТУСАМ ВИРУС МУТАЦИЛАГДАЖ, АМЬДРАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛДАГ

Өнөөдрийн байдлаар мутацилагдсан вирусийг оношлох ажлыг эхлээгүй болохыг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэлэв

Тэрбээр “Манай төвийн эмч, судлаач нар Covid-19-ийн мутацид орсон хувилбаруудын генийн дарааллыг тогтоох технологи нэвтрүүлэхээр  Япон улсад томилолтоор ажиллаад ирсэн. 

Вирусийн генийн дарааллыг тогтоох оношлуурыг захиалсан. Одоогоор оношлуур ирээгүй хүлээгдэж байна.  

Халдварын тархалт өндөр байгаа үед Covid-19 халдвар  мутацилагдах нь  хамгийн өндөр. 

Өөрөөр хэлбэл, халдварт олон хүн өртөх тусам вирус мутацилагдаж, амьдрах чадвараа сайжруулдаг гэсэн үг. 

Халдварын тархалт өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн эрчимжсэн.  

Халдвар нэг хэсэг буурсан ч дахин өссөн нь  мутацилагдсан Covid-19  болохыг үгүйсгэхгүй.

Японд томилолтоор ажилласан манай эмч,  судлаачид зөвхөн Монголд бүртгэгдсэн мутацийг илрүүлсэн. 

Гэхдээ аюултай хэлбэр нь биш. 

Харин "Дельта" бол хамгийн сүүлд Энэтхэгээс мутацилагдсан, халдварлах нь их, үхэл, нас баралт өндөртэй.

Гэхдээ Энэтхэг улсаас Монголд  ирсэн мэргэжилтнүүд  Covid-19 халдвараар хөнгөн өвдөж, тусгаарлалтын хугацаагаа дуусгасан.

Дорноговь руу ажиллахаар явсан Энэтхэгийн 52 иргэний 41-ээс нь Covid-19 илэрсэн ч эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн, бүгд эдгэж ажилдаа орсон” гэлээ.

Цаашид халдварын тархалтыг бууруулахад ХӨСҮТ-өөс вакцины үр дүнд найдаж буйгаа хэлж байв.

ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮМҮҮСИЙН ТОО ИХЭСЧ, НИСЛЭГИЙН  СУУДАЛ ОЛДОХГҮЙ БАЙНА

Covid-19 халдвар Энэтхэгийг  өмнөө сөхрүүлж, олон сая хүний амийг авч, чинээлэг иргэд нь эх орноосоо “зугтаж” Монголыг зорих болсон гэх мэдээлэл ч бий.

Монгол  Улс агаарын хилээ зургадугаар  сарын 1-нд нээсэн нь мутацилагдсан вирус зөөвөрлөгдөх эрсдэлийг дагууллаа гэж иргэд ч бас шүүмжлэх болсон.  

МИАТ ТӨХК-аас  мэдээлснээр гадаадын улс орнуудад ч бас халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул эх орондоо ирэх монголчуудын хөл хөдөлгөөн ихэсч, нислэгийн  суудал дүүрч зарим үед олдохгүй байгаа аж.

  Энэ талаар МИАТ ТӨХК-иас тодруулахад “Монголыг зорьж буй хүмүүсийн 90 хувь нь манай улсын иргэн.

Харин гадаадын иргэд цөөхөн байна.

Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн ч нислэг хэвийн үргэлжилж байна.

Хил нээсэн ч өмнөх шигээ тогтмол биш хуваарийн дагуу нислэг үйлдэнэ.

Гадаадын улс орнууд дийлэнх нь хилээ хаасан ч транзит нислэгээр хүмүүс ирж байна.

Монголыг чиглэх нислэгийн урсгалын дийлэнх нь БНСУ-аас байна.

Харин Энэтхэг рүү нислэг үйлддэггүй” гэж байв. 

Мөн Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр гадаадын иргэдэд тавих тусгай шалгуур байхгүй ч  72 цагийн PCR шинжилгээний бичигтэй байх шаардлага тавьж байгаа аж.

Халдвартай бүс нутгаас хил нэвтэрч байгаа бол 14 хоног тусгаарлах журмыг мөрдөж байгаа юм.

Тэгэхээр манай улсад мутацилагдсан "Дельта" вирус орж ирсэн байхыг үгүйсгэх аргагүй байна. 

Түүнчлэн дотоодод халдварын тархалт өндөр байхын хэрээр Covid-19 мутацилагдаж, халдварлалт болон нас баралт нэмэгдсэн гэж албаныхан үзэж байна. 

Холбоотой мэдээ