“Бөөрөнхий” Засгийн газраас алсын хараа, амьдралд нийцсэн бодлого хүлээгээд нэмэргүй нь...

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-06-24 00:49:57
Юун түрүүнд “Ковид-19” цар тахал манай улсын хүн амд ямар хэмжээнд аюул заналхийлж байгааг зарим харьцуулалтаар тайлбарлая. 
 
          Коронавирусийн халдварын манай улсад батлагдсан тохиолдлын тоо 100 мянга давлаа. 
Хэрвээ цар тахлын халдвар авсан хүмүүсийг нэг дор цуглуулбал Архангай аймгийн нийт хүн амтай ижил тооны хүн цуглана гэвэл төсөөлөгдөж байна уу. 
Түүнчлэн, Говьсүмбэр аймгийн хүн амаас 80 мянган хүнээр, Дундговь аймгийн хүн амаас 50 мянган хүнээр, Говь-Алтай аймгийн хүн амаас 40 мянга, Өмнөговь аймгийн хүн амаас 30 мянга, Хэнтий аймгаас 20 мянга, Дорнод аймгийн хүн амаас 15 мянга, Ховд аймгийн хүн амаас 10 мянган хүнээр олон хүн цуглана гэсэн үг шүү дээ. 
Өөр нэг харьцуулалт, дэлхий нийтийг түгшээсэн, 20 орчим жил үргэлжилсэн Афганистаны дайнд 100 гаруй мянган афган хүн амиа алдсан баримт бий. 
          Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо маргааш гэхэд 500 давна.  
Муу ёрлосон хэрэг биш, хоногт дунджаар 10 хүн нас бардаг болоод бүтэн сар болж байгаа учраас ийм итгэлтэй хэлж байгаа юм л даа. 
Гэтэл манай улс Халх голын дайнд 274 хүнээ алдаж байлаа шүү дээ.  
Өөрөөр хэлбэл, цар тахлын улмаас хоёр удаа Халх голын дайнд орсонтой тэнцэхүйц амины хохирол амсаад байна гэсэн үг. 
Өөр харьцуулалт гэвэл, манай улсад жилд 400-450 хүн амиа егүүтгэдэг, зам тээврийн ослоор жилд 500 хүн амиа алддаг. 
Цаг бусаар нас баралтын тэргүүлэх хоёр шалтгаантай цах тахлаар нас барагсдын тоо тэнцэж байна гэсэн үг. 
365 хоногт зам тээврийн ослоор нас барсан хүний тоо, 90 хоногт цар тахлаар нас барсан хүү тоо хоёр тэнцүү байна гэхээр “Ковид-19” цар тахал бодит аюул мөн гэсэн үг шүү дээ. 
  “Ковид-19” цар тахлын халдвараар хоногт 2000 гаруй өвчилж, 10 гаруй хүн нас барж байна, лав л сүүлийн сар орчмын хугацаанд үүнээс өссөн үү гэхээс буурсангүй. 
Цар тахлын шуурга ингэж таарсан болгоноо хуу хамж, хөл хүнд эмэгтэйүүд, хүүхэд, хөгшдийг голдуу авч одож, үндэстний хэмжээнд аюулын харанга дэлдэж байхад Засгийн газар цар тахалтай тэмцэх үйл ажиллагаагаа улам нягтруулж, илүү алсыг харсан, алдаагүй бодлого тодорхойлж, амьдралд нийцсэн шийдвэрүүд гаргах ёстой байтал эсрэгээрээ улам л бөөрөнхий, ерөнхий болоод байна.
Хоолны газрууд, фитнес, саунуудаа л дахин дахин хааж, нээхээс өөр арга хэмжээ авахгүй байгааг харвал, Засгийн газар холдоо л долоо хоногийг хагас дутуу баримжаалж, түүндээ тохируулан шийдвэр гаргаж байна.
Найм дахь хоногоос ямар бодлого хэрэгжүүлж, яаж тэмцэхээ хэн нь ч мэдэхгүй байгаа бололтой байна. 
Хэзээ хөл хорио тогтоох эсэх нь тодорхойгүй бөөрөнхий, халдварын тархалтыг хэрхэн хумих гэж байгаа нь тодорхойгүй бөөрөнхий, ард түмнээ цаашид яаж хамгаалах гээд байгаа нь тодорхойгүй бөөрөнхий, цаашлаад орон нутгийн замыг хаах эсэх нь, намар хичээл орох эсэх нь ч тодорхойгүй, бас л бөөрөнхий, ерөнхий.
Жишээ нь:
Засгийн газрын нэг сайдын эзэмшлийн, орон даяар эфирээ цацдаг, олон үзэгчтэй телевиз уржигдраас эхлээд л "7-р сарын 1-нээс эхлээд 60 хоногийн турш хатуу хөл хориогоо тогтоохыг дэмжиж байна уу"гэдэг судалгаа явуулж, ард түмний эгдүүцлийг хүргэсэн. 
23 мянган хүн хариу үйлдэл үзүүлснээс бүгд шахуу эсэргүүцсэн байна лээ. 
Иргэд илт эсэргүүцэж байгааг хараад "7-р сарын 1-нээс 14 хоног хөл хорио тогтоохыг дэмжиж байна уу" гэж арай зөөлрүүлсэн маягтайгаар үргэлжлүүлээд асууж байгаа юм. 
Өргөн нэвтрүүлгиийн телевиз өөр дээрээ судалгаа явуулах нь байж болдог зүйл ч гэлээ энэ удаад бол "Засгийн газрын тандалт" гэж нийтэд харагдсан. 
Засгийн газар ард түмэн хатуу хөл хориог илт эсэргүүцэж, шаардлагатай бол төв талбайд гараад жагсахад бэлэн байгааг тандаж мэдсэнээ баталж,өчигдрийн хуралдааныхаа дараа "Одоогоор хөл хорио тогтоох тухай санал гараагүй байна, энэ асуудлыг хэлэлцээгүй" гэж маягтай тайлбар өгч байгаа юм.
Үнэн хэрэгтээ хөл хорио тогтоож болох эсэхээ өөрсдөө ч мэдэхээ байгаад арга буюу өргөн нэвтрүүлгийн телевиз ашигласнаа хүлээн зөвшөөрч, түүнээсээ ичих хэрэгтэй л дээ. 
Стресстэй байгаа нийгмийн эд эсийг үхүүлэн барин "Аан, одоогоор хөл хорио тогтоож болохгүй юм байна, ард түмэн ууртай байна" гэж сая нэг ухаарах эрх яг одоо бол Засгийн газарт байхгүй, тэгээд ч судалгаагүйгээр зөнгөөрөө мэдрэх ёстой биз дээ. 
Засгийн газар цар тахалтай тэмцэх тов тодорхой бодлогогүй, урт хугацааны баримжаа, төлөвлөгөөгүй, Ерөнхий сайд нь өөрийн "толгойгүй", ердөө л өнөө маргаашаа, ихдээ долоо хоногийн цаадахыг харсан, ард түмэн таалагдах гэж ядсан арга барилаар ажиллаж байгаа нь энэ мэт жишээнээс илэрхий харагдаад байгаа юм. 
Манай улс цар тахалтай тэмцэж эхлээд жил хагасын хугацаа өнгөрч байна. 
Ард түмэн эхэндээ бол "Коронавирусийн цар тахал бол шинэ тутам аюул, өмнө нь хэн ч тулгарч байгаагүй учраас алдаа гаргахыг алийг тэр гэх вэ" гэдэг уужим сэтгэлээр Засгийн газраа ойлгож байсан. 
Харин одоо бол энэ цар тахал шинэ зүйл байхаа больсон. 
Өнгөрсөн жил хагасыг хугацаанд Засгийн газар цар тахалтай тэмцэх тодорхой бодлого, төлөвлөгөөтэй, нэгдсэн зохион байгуулалттай, халдварын тархалт огцом нэмэгдвэл ямар арга хэмжээ авах, хавьтлуудыг хаанаас нь хөөх, хаана нь барьж тогтоох, иргэдийг хөл хөдөлгөөнийг хатуу хөл хориогоор биш юм гэхэд өөр яаж хязгаарлах гэхчилэн шалгарсан арга барилтай болсон байх ёстой. 
Хүүхэд анх сургуульд ороод нэгдүгээр ангиа төгсөхдөө ядаж уншиж, бичиж, нэмж, хасаж сураад төгсдөг биз дээ. 

Холбоотой мэдээ