Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэхээр боллоо

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-06-30 05:41:55

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Өршөөлийн хууль гаргахыг дэмжиж байна. Хуулийн төслийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргаж байна. Нэгдүгээрт, хаалттай хэлэлцдэг уламжлалтай. Хоёрдугаарт, олон хүний аж амьдрал, эрх чөлөөний асуудал яригддаг учраас чөлөөтэй санал бодлоо илэрхийлж, хариулт авах үүднээс хаалттай хэлэлцэх шаардлагатай байна. Гуравдугаарт, Засгийн газар нээлттэй хэлэлцэж болно. УИХ шийдвэр гаргах учраас гишүүдэд нээлттэй ярих боломж олгох ёстой.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ц.Мөнх-Оргил гишүүний саналыг дэмжиж байна. Энэ хуулийг хэлэлцэхдээ бүх гишүүдийг танхимаар хуралдуулаад, ажлын хэсэг байгуулж, нухацтай хэлэлцье гэсэн саналтай байна.

Гишүүний горимын саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувийн саналаар Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэхээр боллоо.

Өршөөлийн хуулиар 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөнө

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлснээр хэдэн хүн ялаас чөлөөлөгдөж, хэдэн хүн үлдэх вэ? Өршөөлийн хуулийг ямар хүмүүс боловсруулсан вэ. Хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Өмнөх хуулиудаас юугаараа ялгаатай вэ?


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 06 дугаар сарын 24-ний байдлаар хорих ангид 4154 хоригдол ял эдэлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1200,  баривчлах шийтгэл эдэлж байгаа 104, албадлагын арга хэмжээ авагдсан 4529 нийтдээ 9987 ялтан байгаа. Энэ хууль батлагдсанаар 150 хоригдол ялаас бүрэн чөлөөгдөж, 374 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино. 469 хоригдлын ялаас 2 жил хасагдана. Өсвөр насны 25 хүн суллагдана. Нийтдээ 1013 хүн хамрагдана.  Нийт ялтны 16.7 хувь нь өршөөлд хамрагдаж байгаа. Хуулийн төслийг ХЗДХЯ боловсруулсан. Өмнөх Өршөөлийн хуулиудаас хүрээ хязгаарыг нэлээд хумьсан. Албан тушаалын хэргүүд хамаарахгүй байгаа. Мөн эдийн засгийн суурьтай, байгаль орчны гэмт хэргүүд өршөөлд хамрагдаагүй.

Д.Ганбат гишүүн Хуульзүйн байнгын хорооны дарга байхдаа нийт ялтны 55 хувийг өршөөлд хамруулах хууль оруулж байсан. Энэ удаа 16 хувь гэдэг нь бага гэсэн байр суурь илэрхийллээ. Үүнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Д.Ганбат гишүүнийг Хуульзүйн байнгын хорооны дарга байхад 2015 онд үзүүлсэн Өршөөлийн хуулиас болж, Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалт орсон. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн өндөр дутагдалтай улс орнуудын жагсаалтад орсон. Эргээд энэ жагсаалтад ороход асуудалгүй гэж үзэж байгаа бол Өршөөлийн хуулийн хүрээ хязгаарыг тэлж болно" гэсэн хариултыг өглөө.

Хуульзүйн байнгын хороо Өршөөлийн хуулийг хэлэлцэж байна 

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. 

Хорих ангиудад 2021 оны 06 дугаар сарын 24-ний байдлаар 4154 хүн хоригдож, цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авагдсан 1200, баривчлах шийтгэл эдэлж буй 104, албадлагын арга хэмжээ авагдсан 4529 нийт 9987 ялтан, хоригдсон этгээд байна. Хоригдож буй хүний нэг өдрийн хоол хүнсэнд 6000-8000 төгрөг зарцуулдаг. Олон хүн нэг байранд төвлөрөх, хяналт тавьж буй албан хаагчид халдвар авах эрсдэлтэй тул халдвар илэрсэн тохиолдолд богино хугацаанд олон хүнийг хамарч, жирэмсэн болон нярай хүүхэдтэй, биеийн дархлаа сул, архаг хууч өвчтэй, өндөр настай хоригдол хүндээр өвчилж, хүний амь нас эрсдэх аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй байна.

Торгох ялаар 1664, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 548, зорчих эрхийг хязгаарлах ялаар 22, эрх хасах ялаар 1448 хүн шийтгэгдэж, нийт 3682 этгээдэд хяналт тавин ажиллаж байна. 

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагын албан хаагчид бэлэн бус хэлбэрээр нийт 6.1 сая удаагийн 168 тэрбум төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 3.3 сая удаагийн 73 тэрбум төгрөгийн торгуул төлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 73 тэрбум төгрөгийн торгуул нь төлөгдөөгүй байна. Хуулийн дагуу оногдуулсан торгуулийн шийтгэл цар тахлын үед ажлын байраа алдсан, орлого нь буурсан иргэн, аж ахуйн нэгжид дарамт бий болгож байна. 

 Хуулийн төсөл батлагдвал 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж,  374 хоригдлын хорих ялыг солих, 469 хоригдлын ялаас хоёр жилийг хасах, өсвөр насны 25 хүүхэд, нийт 1013 хоригдол хамрагдаж, 3129 хоригдол үлдэнэ. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 160 нийт 3915 этгээд хамрагдана гэсэн мэдээллийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийлээ.

1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөлийн хуулийн төслийг УИХ хаалттай хэлэлцэж байсан. Энэ удаагийн Өршөөлийн хуулийн төслийг нээлттэй хэлэлцэж байна. 



Холбоотой мэдээ