Генерал С.Ганбатын гэрээс 50 буу, 500 мянган ам.доллар, Төрийн нууцын материалууд олдсон нь ЮУГ ӨГҮҮЛЭВ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-08 01:01:32

Саатуулагдаад буй генерал С.Ганбатын гэрээс 500 мянган ам.доллар, 50 орчим бууны төрлийн галт зэвсэг төрийн нууцад хамааралтай байж болох зарим материалууд, тагнаж чагнах зориулалт бүхий төрийн данстай төхөөрөмжүүд олдсон гэх мэдээлэл байна.

Өнгөрөгч хавар Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас генерал цол хүртсэн С.Ганбатыг ТЕГ-аас ажиллагаа явуулан саатуулж, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р хорих ангид цагдан хориод буй. 

Түүнийг цагдан хорих болсон шалтгаанаа ТЕГ-аас тайлбарлаагүй, албан мэдээлэл өгөхөөс татгалзаж буй.

Эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн С.Ганбатын цагдан хорих болсон шалтгаан, хөшигний ар дахь нюансуудыг дараах байдлаар бэлтгэв.


С.ГАНБАТ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ОЙРЫН ХҮН:

Улс төрийн хүрээндээ Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабын дарга, генерал С.Ганбат нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн гэдгийг мэдэцгээдэг байна. 

Тэрбээр Г.Занданшатараар овоглогддог “Нэг Монгол” нэгдэлд Баянхонгорынхан гэдэг утгаараа идэвхтэй оролцсоор ирсэн аж.

Өдгөө С.Ганбатын хүү Пүрэвсүрэн нь Монголбанкны Тамгын газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг байна. 

Улс төрийн хүрээнд яригдаж буйгаар, С.Ганбатын хүү Пүрэвсүрэнг Г.Занданшатар Хөгжлийн банкны “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдоход нь нөлөөлж байжээ. 

Мөнхүү өнөөгийн эрхэлж буй Зээлийн батлан даалтын сангийн ТУЗ-ийн дарга, Монгол банкны газрын захирлын албанд томилоход нь дэмжлэг үзүүлсэн гэгддэг байна.


С.ГАНБАТ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ МАТЕРИАЛААР БУСДЫГ “ШАНТААЖИЛЖ” ТАГНУУЛЫНХНЫ ХАРААНД ОРСОН УУ

С.Ганбатыг гэнэт Тагнуулын байгууллага саатуулсан явдлыг зориудаар зөөлрүүлж, “Шинэ Ерөнхийлөгчид барьж буй бэлэг” гэх хөөсрүүлэлт шидсэн. 

Мөнхүү “УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс чиглэл өгсөн ажиллагаа” гэх зэргээр хөшигний ард хардлагууд өрнөсөн.

Гэвч эх сурвалжийн мэдээллүүдээр бол, генерал С.Ганбат гүйцэтгэх ажиллагааны явцад цугларсан баримт материалаар бусдыг сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхдэг гэх мэдээллийн мөрөөр Тагнуулын байгууллага орж, ажиллагаа явуулахад хүрсэн бололтой.

Өөрөөр хэлбэл, Тагнуулын байгууллага С.Ганбатыг гүйцэтгэх ажиллагааны материалаа зохистой бус аргаар ашиглаж болзошгүй байна гэх мөрөөр анхлан хөөсөн гэх мэдээлэл байгаа юм.

С.ГАНБАТЫН ГЭРЭЭС ОЛДСОН ГЭХ ХАЧИРХАЛТАЙ ЗҮЙЛС ЮУ ӨГҮҮЛЭВ.

Хамгийн хачирхалтай нь, дээр өгүүлсэнчлэн генерал С.Ганбатын гэрт тусгай ажиллагаа явуулах үеэр 500 мянган ам.доллар, 50 орчим галт зэвсэг, гүйцэтгэх ажиллагааны зориулалт бүхий төрийн байгууллагын тагнаж чангах төхөөрөмжүүд, Төрийн нууцад хамаарах хэргийн материалууд зэрэг олдсон гэх мэдээлэл байна.

Эндээс Тагнуулын байгууллагын С.Ганбатыг нүдлэх болсон анхны сэжүүрийг баталсан гэх логик харагдаж буй. 

Түүнчлэн генерал С.Ганбатыг саатуулсан талаарх мэдээллийг бүдгэрүүлэх, устгах хүсэлтүүд хэвлэлийнхэнд ирсээр буй нь анхаарал татаж байна.

Одоогоор С.Ганбатыг Төрийн нууцыг задруулсан, хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа аж.

С.ГАНБАТ ГЭЖ ХЭН БЭ?

Хууль хүчнийхэн дундаа “Сийлээ Ганбат” нэрээрээ нэлээд алдартай нэгэн юм. 

Тэрбээр 1990 онд Эрүүгийн цагдаагийн газарт Туслах төлөөлөгчийн статусаар ажлын гараагаа эхэлж, тус газрын дарга болтлоо дэвшин ажилласан намтартай.

Нэгэн үес оффшор дансны асуудалтай нэр холбогдож явсан С.Ганбат Хонконг дахь Ерөнхий консулын газарт зөвлөх консулаар ажиллаж байсан аж. 

АТГ-ын даргаас Х.Энхжаргалыг чөлөөлөгдөхөд түүний оронд томилогдох магадлалтай хүмүүс дунд С.Ганбат нэрлэгдэж байв. 

Түүнд Генерал цол хэргэм өгөх асуудал хөшигний ард удтал хүлээгдэж, өнгөрөгч хавар тэмдгээ хүлээж авсан юм.

С.Ганбат нь ХОМ-тээ жилд 33 сая төгрөгийн орлоготой, зуслан, орон сууц, автограш тус бүр нэг ширхэг эзэмшдэг, хоёр автомашинтай, “Их эрчит Хурд” ХХК-д эзэмшлийн хувьтай, өр зээлгүй гэж мэдүүлжээ.


Холбоотой мэдээ