Бутан улс иргэдээ долоо хоногийн дотор вакцинжууллаа

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-07-28 14:22:21

Өнгөрсөн долоо хоногт насанд хүрсэн нийт хүн амынхаа 90%-ийг вакцинжуулснаа Бутаны хаант улсын Эрүүл мэндийн яамнаас энэ Мягмар гаригт мэдэгдлээ. 

Хятад, Энэтхэг хоёр улсын дунд буйдхан оршдог энэ улс нийт 800 мянган хүн амтай юм.

Тус улс энэ сарын 20-ноос 27-ны хооронд иргэдээ хоёр дахь тунд хамруулж дуусгасан нь цар тахлын үеийн хамгийн шуурхай вакцинжуулалтад тооцогдож байна.

Энэтхэгээс өнгөрсөн дөрөвдүгээр сард 550 мянган тун "АстраЗенека" вакцины тусламж орж ирсний дагуу мөн тооны хүмүүс эхний тунд хамрагдаад байжээ. 

Гэвч "АстраЗенека" вакцины гол ханган нийлүүлэгч Энэтхэг улс дотооддоо гарсан халдварын улмаас вакцин экспортлох аргагүй болсноор тус улсад вакцинжуулалт хэдэн сарын турш зогссон юм. 

Харин өнгөрсөн долоо хоногт Ковакс хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас хагас сая тун "Модерна" вакцин хандивласан нь вакцинжуулалтыг дахин эхлүүлэх боломжийг олгожээ. 

Дашрамд, Ковакс нь баян, ядуу аль ч улс орнуудад Сovid-19-ийн эсрэг вакцинд тэгш хамрагдах боломжийг олгох санаачилгын хүрээнд бий болсон хөтөлбөр.

Коваксаар дамжуулан Файзер вакцины 5000 орчим тунг мөн хөнгөлөлттэй үнээр авчээ. 

Түүнчлэн сүүлийн хоёр долоо хоногт Дани, Хорват, Болгар улсуудаас 40 мянга гаруй тун "Астразенека" вакцины тусламж ирсэн аж.

Вакцинжуулалт амжилттай хэрэгжихэд цөөн хүн амаас гадна тус улсын өндөр дээд албан тушаалтнууд вакцины талаарх эерэг ойлголтуудыг түгээж чадсан, вакциныг хадгалж байрлуулах хөргүүрийн систем боловсронгуй байсан зэрэг нөлөөлсөн байна. 

Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын 3000 гаруй ажилтан вакцинжуулалтын аянд нэгдэж, улс даяар вакцинжуулалтын 1200 төв ажиллуулсан нь ихээхэн нэмэр болжээ.

Эрүүл мэндийн ажилтнууд зарим тохиолдолд хөрсний нуралт, хур бороо зэрэг байгалийн хүчин зүйлсийг сөрөн хэдэн өдрийн турш явган алхсаар өндөр уулын оройд байх алслагдсан тосгодод хүрч тэдгээр тосгоны иргэдийг вакцинжуулдаг байжээ.

Бутан бол Гималайн нуруунд үлдсэн Буддын шашинт сүүлчийн хаант улс төдийгүй үнэмлэхүй хаант засаглалаас ардчилсан, үндсэн хуульт хаант засаглал руу шилжиж чадсан орон ажээ.


ЭХ СУРВАЛЖ: 

ASSOCIATED PRESS NEWS

Холбоотой мэдээ