"Шахмал түлшийг орон нутаг руу нууцаар зөөвөл шууд хураан авах зөвшөөрлийг цагдаагийн байгууллагад өгөхөөс аргагүй"

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-16 07:20:18


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 170 гаруй мянган өрх шахмал түлш хэрэглэнэ. 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллах юм.

Өнөөдрийн байдлаар түлшний нөөц 13,000 тонн байгаа аж.

Цаашид нөөцийг нэмэгдүүлж, есдүгээр сарын 15-н гэхэд 50,000 тонн болгохоор төлөвлөж буйг "Таван толгой түлш" ХХК-ийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Г.Ундармаа танилцуулав.

Мөн тэрбээр орон нутагт үүссэн авто замын нөхцөл байдлаас шалтгаалж, тээвэрлэлт удааширч буйг холбогдох албаныханд уламжилсан бөгөөд энэ талаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн Ерөнхий сайд хэллээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шахмал түлшний үнэ 50 хувь хямдарсан тул эрэлт нэмэгдэнэ. Мөн орон нутаг руу нууцаар тээвэрлэх тохиолдол гарч байна. Иймд иргэд маань өөрсдийн хэрэглээндээ тохируулан худалдан авах нь чухал.

Энэ жил түлш, өвөлжилттэй холбоотой асуудал нь цар тахлын нөлөөгөөр их сорилттой байх болно.

Иргэн бүхний ухамсарт хамтын ажиллагаа шаардлагатай юм. 

Орон нутаг руу зөөж байгаа иргэдэд хандан хэлэхэд бид цагдаагийн байгууллагад зөвшөөрөл өгч, шууд хураан авах эрх зүйн орчинг бүрдүүлэхээс аргагүй тул ийм үйлдэл битгий хийгээрэй" гэлээ. 

Эх сурвалж:

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар



Холбоотой мэдээ