Ачилтын компани видео бичлэг хийгээд замын цагдааруу явуулна, видеог үзээд зөрчил байвал ачих зөвшөөрөл олгоно

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-25 20:02:22

Ачилтын компани видео бичлэг хийнэ. Тэр бичлэг Замын цагдаад шууд очно. Замын цагдаа видео үзээд зөрчил байвал ачих зөвшөөрөл олгох юм. Хэрэв иргэн машинаа ачуулсандаа гомдолтой байвал видео бичлэгийг мэдээлэл дээр үндэслэн гар утаснаасаа үзэх, хянах боломж бүрдэнэ

Зогсоол олдохгүйгээс хаа нэгтээ машинаа түр байрлуулаад хэдхэн хором болоод гарч ирэхэд машиныг нь хэдийнэ ачаад явсан байдаг. Утасны дугаар байхад залгаад авахгүй байсан бол өөр хэрэг. Бас цагаан хоолойгоороо зарлаж мэдэгдсэн бол гомдол байхгүй. Энэ хоёр аргын алийг нь ч хэрэглэдэггүй учраас машин ачдаг компаний үйл ажиллагааг хул.гайч нартай дүйцүүлэх нь зүйн хэр.эг. Бүр үзэн ядаж, машинаа журмын хашаанаас авахаар очсон жолооч нар компаний ажилчдыг үзэн ядсандаа хэл үгээр доромжлох нь бий.


Энэ үйлдэл зөв эсэх талаар Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.

-Нийслэлд машин ачдаг хэдэн компани байдаг вэ. Тэдэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь хэрхэн олгодог вэ?

-Нийслэлийн зургаан дүүрэгт замын хөдөлгөөн хааж, дүрэм зөрчсөн машиныг ачиж, тээвэрлэдэг 17 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Ачилтын компанийг татан буулгаач гэсэн хүсэлт манайд байнга ирдэг. Тэдний үйл ажиллагааг зогсоовол жолооч нарын дүрэм зөрчилт ихэснэ. Жолооч нар дүрэм зөрчихгүй байвал ачилт хийх, ачилтын компани байх шаардлагагүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчилт зогсохгүй байгаа тул ийм компанийн үйл ажиллагаа ч зогсохгүй байгаа юм. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь холбогдох журмын дагуу олгодог.

-Нийслэлд өдөрт хэдэн машин ачигддаг вэ?

-Харьцангуй бага машин ачигддаг. Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 550 мянган автомашин бий. Тэр хэрээр замын ачаалал өндөр байдаг. Замын цагдаа нар ч ачаалалтай ажилладаг.

-Ачилт хийхэд нэг машинаас хэдэн төгрөг авдаг вэ?

-НИТХ-ын тогтоолоор нэг машинаас 60 мянган төгрөг авдаг. Үүгээр ачилтын компани ажилчдынхаа цалинг өгч, журмын хашааныхаа түрээсийг төлдөг. Өдөрт цөөн машин ачдаг болохоор ачилтын компаний эдийн засаг хүндэрч эхнээсээ үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгаа.

-Замын цагдаагийн тусгай тэмдэглэгээ наасан машин, наалт наагаагүй машиныг ч ачиж байна. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Иргэдийн дунд гардаг маргаантай асуудлын нэг нь энэ. НИТХ-ын тогтоолд наалт наасан машиныг ачна гэсэн байдаг ч наагаагүй машиныг ачиж болохгүй гэсэн зүйл байдаггүй. Энэ нь бидний санаачлан хийсэн ажил. Энэ асуудлыг 100 хувь өөрсдийн хяналт дор хийхийн тулд смарт хэлбэр рүү шилжүүлж байгаа. Ингэснээр “Е” баримтаа төлсөн эсэхийг хянаж, ачилтын компани хууль бус ачилт хийж байгаа эсэхийг Автозамын хөгжлийн газар, Замын цагдаа, татвар зэрэг газар хянах боломжтой. Ачилтын компани ямар нэгэн зөрчил гаргаж, буруу үйлдэл хийх юм бол эрхийг нь шууд цуцлах тухай тусгасан.

-Смарт хэлбэр рүү шилжсэнээр иргэдэд ямар давуу тал бий болох вэ?

-Бид энэ смарт руу маш богино хугацаанд шилжихээр төлөвлөсөн. Смарт хэлбэрт шилжсэнээр тухайн ачилтын компани видео бичлэг хийнэ. Тэр бичлэг Замын цагдаад шууд очно. Замын цагдаа видео үзээд зөрчил байвал ачих зөвшөөрөл олгох юм. Хэрэв иргэн машинаа ачуулсандаа гомдолтой байвал видео бичлэгийг мэдээлэл дээр үндэслэн гар утаснаасаа үзэх, хянах боломж бүрдэнэ.


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг зохих журмын дагуу цэгцлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Тус үүрэг даалгаварын хүрээнд нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Замын хөдөлгөөн удирдлагын төвийн Ачиж журамлах албанд хяналт шалгалт хийлээ. “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-аар ачилтын компаниудын үйл ажиллагааг зохицуулж байгаа аж.

Харамсалтай нь, иргэдийн зүгээс автомашиныг нь хаана журамласан нь тодорхой бус, ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгддэггүй, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүй гэх мэт гомдол өнөөдрийг хүртэл гарсаар байгаа юм. Харин өнөөдрөөс эхэлж автомашин ачилтын компаниуд чанга яригчаар сануулж, журамласан зогсоолын мэдээллийг иргэдийн гар утсанд мессеж илгээдэг боллоо. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “2015 онд баталсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг өнгөрсөн оны зургадугаар сард шинэчилсэн. Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмэгдэж орсон.


Дүрэм журмаа биелүүлээгүй дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид ч иргэдэд мэдээлдэггүй дүрэм журмаа зөрчсөн компаниудад хариуцлага тооцно. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын ихэнх нь ямар дүрэм зөрчиж, автомашинаа хаана журамлуулснаа мэдэхгүй ийш тийш залгаж, цаг хугацаа алддаг учраас одоо гар утсанд нь мэдээлэл өгдөг боллоо” гэв. Ажлын хэсэг энэ сарын 10-н хүртэл ачилтын компаниудад хяналт шалгалт хийх аж. Иргэд автомашинаа ачуулаад эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд нийслэлийн Автозамын хөгжлийн газарт хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм байна. Улаанбаатар хотод ачилт буулгалтын гэрээтэй 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт өнгөрсөн онд 350 гаруй өргөдөл гомдол ирсний ихэнх хувь нь мэдээлэл өгөхгүй тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг тухай байдаг байна.


Холбоотой мэдээ