Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг хариуцлагаа хүлээх үү?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-03 11:41:05

Орхон аймгийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн барилга шаардлага хангахгүй байгаа тул хүүхдүүд хичээллэх боломжгүй болжээ. 

Тус сургуулийн баруун хэсэгт хана цуурч, шал нь цөмөрсөн тул одоогоор хичээлийг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа аж.

Иймд бид Орхон аймгийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Алтанзаяатай холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа.

Тэрбээр “Манай сургуулийн баруун талын хана цуурч, шал цөмөрсөн. Одоо бид яаралтай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулахаар өргөтгөсөн хурлаар орох гээд байж байна. 

Сургуулийн барилгын асуудлаас үүдэж хүүхдүүд танхимаар хичээллэх боломжгүй байгаа тул 100 хувь цахим хэлбэрт шилжүүлээд байна. 

Барилгыг 2016 оны арванхоёрдугаар сарын улсын комисс хүлээж аваад 2017 оны ашиглалтад оруулсан. “Урагшлах” ХХК барилгын бүтээн байгуулалтыг хариуцаж байсан тул бид тус компанийн төлөөлөлтэй холбогдсон. Хөвсгөлд байдаг гэдгээс өөр энэ компанийн талаар мэдээлэл алга. Ямар ч байсан энд ирээд, янзалж өгнө гэсэн” гэлээ.


Тус сургуулийг “Урагшлах” ХХК барьсан байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Мөнгөнхуяг 2006 онд ажиллаж байсан байна. Гэвч дампуурсан гэх. Түүний байр суурийг тодруулахаар залгасан боловч холбогдох боломжгүй байлаа.

Уг сургуулийн асуудлаар Орхон аймгийн ИТХ-д болон холбогдох байгууллагад удаа дараа асуудал тавьсан боловч шийдэл гаралгүй явсаар хичээлийн шинэ жилтэй золгожээ. Харамсалтай нь шүүхийн шатанд шийдвэр гараагүй, гүйцэтгэсэн компани нь дампуурсан гэх мэт шалтгаанаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн байна. 




Холбоотой мэдээ