Сэтгүүлч Б.Отгон: Ойжуулах мөнгө чинь оффшорт зүгээр л хэвтэж байна!! Ерөнхийлөгч өө!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-06 04:16:18

Сэтгүүлч Б.Отгон цахим хуудаснаа Тэрбум мод тарих мөнгө чинь оффшорт хэвтэж байна. Оруулаад ир!! Ерөнхийлөгч өө! гэх бичвэр оруулжээ. Тэрээр  “Нөгөө ертөнцөд очсон Кофи Аннанаас биш өөрийн намынхаа Сү.Батболд, Б.Дэлгэрсайханы оффшорын мөнгийг оруулж ирээд ургуул!! Ерөнхийлөгч өө!!

27 тэрбумыг бие биедээ зээлээд мартдаг Монголын оффшор улс төрчдийн мөнгөөр мод ургуулах горимын санал надад байна.Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэрбум мод тарих уриалгыг дэмжиж байна. Тэрбум мод тарихад 4,3 их наяд төгрөг хэрэгтэй гэнэ ээ. Энэ мөнгө танай намын Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан тэргүүтэй оффшорчдын гадаад дахь нууц дансанд зүгээр л хэвтэж байна.

Монголын баялгийг хулгайлж,оффшорт нуусан авлигачдын хөрөнгийг Монголд оруулж ирж энэ үйл хэрэгт зарцуулья. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчдын мөнгийг Монголд оруулж ирнэ гэж амласан. Таныг түүнээс ч илүү ажиллана гэж найдаад л ард түмэн сонгоо биз? Тэгээд ч төрд залгамж холбоо гэж бий.

С.Баярцогт Б.Дэлгэрсайхан хоёрын 2008 онд оффшор данснаасаа бие биедээ шилжүүлсэн мөнгө л гэхэд 8,2 сая евро буюу Монгол төгрөгөөр 27,5 тэрбум төгрөг шүү дээ. Зөвхөн нэг хүнд л зээлж байгаа мөнгө нь энэ гэж бодохоор наад мод тарих мөнгө чинь ганц оффшорчны дансанд л хэвтэж байгаа. Оффшорт нуусан мөнгө бол үнэндээ Б.Дэлгэрсайханы, Сү.Батболдын мөнгө биш. Монголын баялгийг гадаадад гаргаж зарсан орлогоос олсон мөнгө учраас Монголчууд бидний мөнгө. Сү.Батболд Эрдэнтийн баяжмалыг хямдхан авч, дундаас нь ченж хийж асар их ашиг олсныг Нью-Иоркийн шүүхийн материалаас харж болно.


Б.Дэлгэрсайхан мод ургуулах бүр үүрэгтэй. Учир нь Монголын нийт нутаг дэвсгэрийн 10 хувийг эзэлж байсан ойн нөөц 7 хувьд хүрэхэд Б.Дэлгэрсайхан мэтийн олборлогчдын шууд оролцоо их бий. Тэрээр Сэлэнгийн Ерөө, Хүдэрт бүтэн ой модтой хэд хэдэн уулыг тэр чигт нь Хятад руу зөөчихсөн. Төмрийн хүдрийг түүхийгээр нь экспортлохдоо бүр өөрийн гэсэн төмөр зам барьж, өөрийн гэсэн вагонуудаар өдөр шөнөгүй зөөсөн. Гангийн гол түүхий эд болох төмрийн хүдэр гэх үнэт баялаг Монгол улсад орсон өчүүхэн татварыг эс тооцвол Б.Дэлгэрсайхан гэх ганц монгол хүн, түүний хамтрагч Хятадуудыг баяжуулсан. Ой мод сүйтгэсэн бол хэд нугалж төлбөр төлөх заалт угаасаа хуульд бий.
Б.Дэлгэрсайхан Монгол улсаасаа баян болчих гээд байсан учраас оффшорт данс нээж, төмрийн хүдрийн орлогоо нуусан нь чин үнэн юм.

Өнөөдөр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдлээс дэлхий даяар зарласан ‘Pandora papers’-т Монголоос 2 оффшорчин бүртгэгдсэн байна. Тэрбум гаруй хүн амтай БНХАУ-аас 2 оффшорчин бүртгэгдэж байхад 3 сая хүн амтай манайхааас тэдэнтэй тэнцүү шүү. Энэ бол Монголын улс төрчид нь хулгайч болсны л нотолгоо.

Тэрбум мод тарих мөнгө чинь оффшорт хэвтэж байна. Оруулаад ир!! Ерөнхийлөгч өө! гэв.

Зураг дээр: Б.Дэлгэрсайханы оффшор дахь бүртгэл



Сэтгүүлч Б.Отгон


Холбоотой мэдээ