Р.Эмүжин: Хятадууд хүйсийн илүүдэл болсон 30 сая эрээ хүссэн улс руу нь явуулах бодлого

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-10 01:52:56

Яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин:

“Гишүүдийн олонх нь өр зээлтэй байна, гаднын захиалгын гар хөл болоход бэлэн байна…

Захиалгын хууль замаасаа буцах төлөвтэй болчихлоо. За гэхдээ асуудал дуусаагүй ээ. Албан ёсоор эргүүлэн таттал нь ажиглах үүрэг ард түмэнд үлдлээ. Ойрхон бодол, хямдхан үзэл, өнгөцхөн дүгнэлтээр хууль санаачилдаг, батлуулдаг хэдэн залуу парламентад хэлхээстэй сууж байгааг харж авлаа. Хулгайн хуульдаа хулгайн заалт шургуулдаг хулгайч ч бас байдгийг үзлээ.

Үнэндээ бол Хөрөнгө оруулалтын тухай Х.Ганхуягийн санаачилсан хуульд монгол эр хүнийг шууд үнэгүйдүүлсэн, жижиг дунд бизнес эрхлэгчдийг нам цохисон, үндэсний язгуур эрх ашгийг үгүйсгэсэн өөрчлөлтийг оруулж ирсэн нь тэрхүү 50 мянган долларын асуудал байлаа. Монгол эмэгтэйчүүдийн гэр бүл төлөвлөлтөд ч бас цаад утгаараа эвгүй нөлөөлж, эрхийг нь хөндсөн зүйл заалт шүү дээ.


Өмнөд хөршийнхөн маань хүйсийн илүүдэл болсон 30 сая эр хүндээ 25 мянган доллар нэг удаа олгоод, хүссэн улс орон руу нь явуулах бодлого баримтлаад удаж байгаа тухай өвөр монголчууд ярьдаг. Тэдний зарим нь тэр мөнгөө аваад Эмээлтэд нүүгээд ороод ирсэн, махны бизнесийг маниасаа илүү атгадаг тухай ч мэдээ бий. Угаасаа ч ултай атгаж авсан.


Албан ёсоор оршин суух эрхээ 50 мянган ам.доллар болгон буулгаснаар хоёр хятад иргэн нийлээд ороод ирнэ, нэг орчуулагч, нэг жолооч аваад л ажлын байр гаргасан нэр зүүнэ, Монголд албан ёсоор оршин сууна гээд бод доо. Гучин жилийн турш хуулийн талаасаа ч, нийгмийн хандлагаар ч, гаднын тархи угаалт, төрийн бодлогын алдааны хор уршгаар ажилгүй, орлогогүй, нэр хүндгүй, эрхгүй, мэргэжилгүй болж, үнэлэмж нь эрс буурсан монгол эрчүүдэд энэ нь том цохилт болох байлаа.

Тэгээд энэ 50 мянган доллараар Монголд оршин суух эрх авах тухай заалт нь Үндсэн хуулийн 6.2-той хоршвол юу болох байсныг бод доо. Зуузай холбосон захиалга юм биш байгаа гэж хардахад хүрлээ. Х.Ганхуягийн энэ хууль өмнөд хөршийн захиалгаар Монголын парламентын босгоор орж ирсэн байж болох уу? Гаднын иргэд байтугай монголчууд маань эх орондоо бизнес эрхэлж, үйлдвэрлэл явуулахаас үхтлээ айн зугтдаг хэд хэдэн шалтгаан байдаг.


Тэр бол төрийн хэт хүнд суртал, авилга арын хаалгын арван давхар сүлжээ, хуулийн тогтворгүй орчин, хандлагын хатуу хана хэрэм, тусгай зөвшөөрлийн төлөөх төгсөшгүй цувралууд, төрийн дарамт. Үүнийгээ засч залруулахгүй бол 50к доллар байтугай 20к доллар байгаад ч хөрөнгө оруулагчид зугтсаар байх болно. Төрийн тогтвортой байдал, хуулийн таатай орчин, хандлагын шударга найрсаг нөхцөл, нийгмийн эрүүл хөрс бүрдээд ирвэл 50к байтугай 500к доллар байсан ч хөрөнгө оруулагчид наашаа зүтгээд ороод ирнэ.


Учир нь Монгол бол залуу, ирээдүйтэй, баялаг ихтэй, сонирхолтой орон. Харамсалтай нь өнөөдөр гадныхан байтугай монголчууд өөрсдөө ч эх орондоо хөрөнгө оруулалт хийх, хадгаламжинд байгаа мөнгөө гаргах дургүй байна. Тэд төрийн хүнд суртлын өмнө шударга бусаар дугаарлаж, авилга өгөх гэж айсандаа хөлсөө шударч, хэзээ ч өөрчлөгдөж мэдэх хууль нэртэй гуульд итгэн байгаа бүхнээ алдахыг хүсэхгүй байгаа юм.

Эрх баригчид мөнгө босгох их аянд мордсон. Тэдний олонх нь мөнгийг үрж чадахаас олж мэдэхгүй. Бас олонх нь компани хөл дээр нь босгож, татвар төлж, хүний гар дээр цалин тавьж байгаагүй. За бас түүнээс ч олонх нь гадаадад сурч, оюутны амьдралаар орчлонг хэмжиж, түүнээсээ дөнгөж салаад удаагүй улаан нялзрай байна. Өө бүр олон нь Х.Ганхуяг, Дамдинням нараас эхлээд асар их өртэй байна.


Тиймээс хуулийн хулгай хийх, гаднын захиалгаар хууль санаачлах зэрэгт чих зөөлөнтэй, чиг нэгтэй байх магадлал өндөр. Энэ хэдэн хүүхдээ сайн харж байхгүй бол улсаараа тоглоод, түмнээрээ шоудаад, үндэстнээрээ муушигдаад, ус нутгаараа барьцаа тавиад, эх орноороо казинодчихыг юман чинээ бодохгүй гэдгийг бид бүгд харлаа.


Асуудлынхаа язгуур үндсийг олж харах ухаан хэн хэнд нь дутуу байна, гаднын их, дээд сургуулийн төлбөр, хот дог, бургер, лааз кола, аяга кофены даржин сэтгэхүйгээсээ салаагүй, түүгээрээ улсаа хэмжихэд бэлэн байна. Угаасаа өөрсдийнх нь хэмжүүр ч балчир юм, балагтай юм. Энэ мэтийн залуусын хөөсийг нь дарж, хөлсийг нь сэврээх үүрэгтэй эдийн засагчдаас харин эдийн засгийн макро, микро төвшний санаачлагууд хүлээмээр байна.

УИХ, Засгийн газар хүнд үеийг үүрээд гарсан эдийн засагчидтайгаа хамтрах хэрэгтэй болжээ. Төсөл, санал, бодлогыг нь сонс, төсөөллөөс хэтрэхгүй хүүхдүүдээ харин хамжааргатай байлгана уу гэж хүсье дээ, МАН!

Монголчуудад шинэ боломж, шинэ хөрөнгө оруулалт, шинэ цус хэрэгтэй, гэхдээ Эрээний лангууных биш ээээээээээээээээээээ. Бүр биш шүү. Энэ охин 50к-г дэмжсэн эргүү 28 гишүүнээс илүү байгаа биз, бүх талаараа илүү. Тийм болохоор л эл зургийг би гар утсандаа үргэлж хадгалж явдаг юм, харж ав даа, Ганхуяг аа.” 


Холбоотой мэдээ