С.Эрдэнэ тэгж байгаад их сэтгэлийн хаттай хүн юм

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-30 09:28:41

С.Эрдэнэ тэгж байгаад их сэтгэлийн хаттай хүн юм. Эсвэл ийм хатуу зарчимтай юм уу? хэлж мэдэхгүй. Хүү Э.Одбаярыг өмнө нь хэчнээн ч удаа барьж, саатуулж байв. Чимээгүй л явсан. Жагсаал хийснийхээ төлөө баривчлуулж, 461 рүү ачигдаад бүр өлсгөлөн зарлаад 20 гаруй хонож байхад бас чимээгүй. 


Харин өнөөдөр хорих 461 дээр очиж хүүтэйгээ уулзахад үнэхээр хүнд байсан тухайгаа илэрхийлж. Хүүгийнх нь үг хатуу хүнд санагдсан ч бахархах сэтгэл төрснөө бичиж. Бусдаар УИХ, Засгийн газар тэргүүтэй эрх баригчдыг чичилж, харааж, эгдүүцсэнгүй. Хэн нэгний захиалгаар хорьж, саатууллаа гэж хардсангүй. Төрийн цагдаа руу дайрч давшилсангүй.


УИХ-ын гишүүн, Төрийн сайд, Намын дарга хийж явсан хүн хүч дутсандаа, эсвэл айж, эмээсэндээ чимээгүй яваагүй нь лав. Ялангуяа С.Эрдэнэ шиг харизмтай улстөрч. Хүсвэл өөрийнхөө хэмжээнд улс төр хийх орон зай нь хангалттай л байгаа, өнөөдрийн нөхцөлд.


Цагтаа өөрөө ч сонгууль будлиантуулсан гэх үндэслэлээр гурван сар "Ганц худаг"-т хоригдоод эцэст нь тангараг өргөж байсан намтартай хүн. Цагдан хорих ангийн хүнд хүчрийг сайн мэднэ.


Тэгсэн зарим нь бараг эрх ашгаа нэгдүгээрт тавьж, хүүгээ зольж байна ухааны юм бичин цэцэрхэж. Үгүй дээ!, ухаантнууд минь! Тэр зүгээр л шударга ёсонд итгэж байгаа байх. Өөр нэгэн албан тушаалтны үр хүүхдийг хориод, одоогийнх шиг нөхцөл байдал үүсэхэд яах байсан бол? Бараг төр эргүүлэх хэмжээнд яваа гэхэд мөрийцсөн ч алзахгүй!

Холбоотой мэдээ