Маргаашаас 50 автобус нэмж үйлчилгээнд гаргана

Нийгэм
ub@khiimori.com
2021-08-31 18:25:01


Хичээлийн шинэ жил эхлэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэхтэй холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгал, хүрэлцээ хэр байгааг сурвалжиллаа.  

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу МУБИС-ийн  автобусны буудал ямагт хөл хөдөлгөөн ихтэй, завгүй хүмүүсийн цугларал гэлтэй байдаг. Автобуснууд ч зай завсаргүй ээлжлэн ирж, явах агаад зорчигч олонтой байгаа нь харагдана. “Ковид 19” халдварын үед зорчигч хоорондын зай болоод суудал хоорондын зайг барих үүднээс автобусан дотор тусгаарлах тэмдэг байршуулж өгсөн ч энэ нь төдий л мөрдөгдөхгүй байв.Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний 100 чиглэлд 935 автобус иргэдэд үйлчилж байна. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хүн хоорондын зайг барих үүднээс автобуснуудын тоог нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөжээ. Тодруулбал, есдүгээр сарын 1-нээс буюу маргаашаас нэмж 50 автобус үйлчилгээнд гарган, нийт 980 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ гэдгийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа ярив.


Холбоотой мэдээ