НҮБ $6 тэрбумаар дэлхий нийтийн өлсгөлөнг шийдэж чадахаа баталбал Илон Маск хувьцаагаа зарж, хандивлахад бэлэн гэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-11-02 01:02:19

Саяхан НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бисли CNN сувагт өгсөн ярилцлагадаа тэрбумтнууд хөрөнгийнхөө өчүүхэн хэсгийг буюу $6 тэрбумыг хандивлавал цар тахлын үед өлсгөлөнд нэрвэгдээд байгаа 42 сая хүний амийг аврах боломжтой талаар мэдээлсэн юм.

Ингэхдээ тэр Америкийн тэрбумтнууд болох Tesla, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч Илон Маск, Amazon-ий үүсгэн байгуулагч Жэф Безос нарын нэрийг дурдаж, хандив өгөхийг уриалсан юм.

Тэгвэл өчигдөр Илон Маск твиттер хуудсандаа “Хэрвээ НҮБ $6 тэрбумаар яг яаж дэлхий нийтийн өлсгөлөнг шийдэж чадахаа харуулбал би Теслагийн хувьцаанаасаа зарж, хандивлахад бэлэн байна. Гэхдээ энэ мөнгө нээлттэй дансанд байршиж, зарцуулалтыг нь олон нийт хянаж байх ёстой” гэж бичжээ.

Хариуд нь Дэвид Бисли “Бид нээлттэй данс тооцоо, ил тод байдлыг хангаж чадахаа амлаж байна. Танай хүмүүс үүнийг нягталж шалгаад, итгэлтэй болсныхоо дараа хамтран ажиллаж болох юм” гэж бичсэн байна.

Тэр бас НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр $6 тэрбумаар дэлхий нийтийн өлсгөлөнгийн асуудлыг нэг мөсөн шийдэж чадна гэж хэзээ ч хэлээгүй, энэ бол цар тахлын онцгой хэцүү үед хамгийн хүнд нэрвэгдсэн 42 сая хүнийг аврах нэг удаагийн хандив юм гэж тайлбарлажээ.

Илон Маск нь одоогоор дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байгаа бөгөөд $300 тэрбумын босгыг давсан хөрөнгөтэй анхны хүн болсныг Блүүмбэрг агентлаг мэдээлсэн юм. Тодруулбал Маскийн хөрөнгийн хэмжээ одоо $311 тэрбумд хүрээд байна. Шаардлагатай $6 тэрбум нь түүний хөрөнгийн 2 хувь болно. Ийм хэмжээний хандив өгсөн ч тэр дэлхийн хоёр дахь баян Амазоны Жэф Безосоос $100 орчим тэрбумаар баян хэвээр үлдэх юм.

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ