Путин, Лукашенко нар Орос-Беларусийн Нэгдсэн Улс байгуулахтай холбоотой хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурлаа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-11-06 01:21:46

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко нар өчигдөр хоёр улсыг нэгдсэн улс болгоход чиглэсэн хэд хэдэн гэрээнд гарын үсэг зуржээ.

Орос, Беларусийг нэгдсэн улс болгох санаа олон жилийн өмнөөс яригдсан ч ахиц муутай байв. Харин сүүлийн жил гаруй хугацаанд Беларусийн ерөнхийлөгч Лукашенкогийн байр суурь ганхсан нь уг үйл явцыг түргэсгэх нөхцөл болж байна.

Путин, Лукашенко нар есдүгээр сард хоёр улсын интеграцчилалыг гүнзгийрүүлэх 28 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцож байв.

Өчигдөр зурагдсан гэрээнүүд нь голдуу эдийн засгийн харилцаа, зохицуулалттай холбоотой байжээ. Тухайлбал татвар, банк санхүү, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбаруудад нэгдсэн бодлоготой болох асуудлууд орсон байна.

Харин улс төрийн интеграцийн асуудлыг огт хөндөөгүй өнгөрчээ. Үүнд нэгдсэн валют, нэгдсэн парламенттай болох зэрэг эмзэг асуудлууд бий.

“Хоёр улсын дотоод хэрэгт оролцох гэсэн аливаа оролдлогыг бид хамтдаа эсэргүүцэх болно. Орос улс ах дүүгийн барилдлагатай Беларусийн ард түмэнд үзүүлэх тусламж дэмжлэгээ ямар ч эргэлзээгүйгээр үргэлжлүүлнэ” гэж Путин гэрээнүүдэд гарын үсэг зурсны дараа мэдэгджээ.

“Урьд өмнө байгаагүй хүчтэй дарамт шахалт гадаад ертөнцөөс ирж байгаа нь манай хоёр орны харилцаанд томоохон сорилт болж байна. Уг сорилтыг давж чадсан гэдэгтээ бид итгэлтэй байгаа” гэж хэлсэн Лукашенко хүнд хэцүү үед тусалж дэмжсэн Путинд талархал илэрхийлсэн байна.

2020 оны наймдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Беларусьт засгийн газрын эсрэг иргэдийн тэмцэл хөдөлгөөн эрчимжиж, эрх баригчид олон мянган хүнийг баривчилж, шоронд хориод байгаа.

Хүний эрхийг зөрчиж, сөрөг хүчнийг нухчин дарж буй Лукашенко болон түүний тойрон хүрээлэгчдийн эсрэг Өрнөдийн орнууд хориг арга хэмжээ аваад байна. Энэ үед Лукашенкогийн дэглэмийг гол өмгөөлөн хамгаалагч нь ОХУ болж байгаа.

Уулзалтын үеэр Путин цагаачлал, визний бодлогоо нэгтгэх шаардлагатай байгааг Лукашенкод сануулсан нь Беларусийн баруун хилийн нөхцөл байдалд санаа зовсон хэрэг байв.

Сүүлийн саруудад Африк, Ойрх Дорнодын мянга мянган дүрвэгч Беларусийн талаас Латви, Литва, Польш руу хулгайгаар нэвтрэх болсон юм. Хориг арга хэмжээний хариуд Лукашенко зориуд дүрвэгчдийг Беларусиар дамжуулан хил давуулах гарц бий болгож байна гэж Европын Холбоо буруутгадаг.

Эх сурвалж: AFP



Холбоотой мэдээ