Монголын гадаад харилцааны гайхамшигт үнэн

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-12-03 07:04:27

БНСУ-д 13 настай монгол охин сургуулийн хүчирхийлэлд өртөж, олныг хиртхийлгэв. Охиныг сургуулийнх нь дөрвөн хүүхэд гэртээ хорьж, зургаан цагийн турш зодож, тамласан бичлэг олон нийтийн сүлжээнд тархлаа. Тэгээд зогсохгүй охиныг ээжээс нь болон цагдаагаас нууж, хүчирхийллийн үйлдлээ далдлахыг оролджээ. Хүчирхийлэл үйлдэж буй бичлэг байсаар байхад Солонгосын цагдаагийн байгууллага нотлох баримт нэхэж, хэргийг тэгэсгээд дарах төлөвлөгөөтэй байв. Гэвч энэ хэрэг аль хэдийнэ өндрөө авч, Монгол-Солонгос гэсэн хоёр улсын хоорондын асуудал боллоо.

Хамгийн хачирхалтай нь өнгөрсөн 07 дугаар сарын 03-ны өдөр болсон эл үйл явдлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ дахь Элчин сайдын яам, Консулын газар өчигдөр хэвлэлийн мэдээнээс мэджээ. Гадны улсад Монгол хүний эрүүл мэнд, амь нас хохирох хэмжээнд хүрсэн хэргийг Монгол таван сарын дараа бүр хэвлэлийн мэдээнээс мэдсэнээ Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өөрийн амаараа хэллээ. Энэ бол Монголын гадаад харилцааны үнэн төрх, ямар хэмжээнд ажилладгийг нь энэ удаагийн үйл явдал яг байгаагаар нь харууллаа.

Гадаад харилцаатай нь “амьтай”, бусад улс оронд үнэлэгдэх хэмжээнд ажилладаг байсан бол Солонгосын тал энэ хэргийн талаар Монголд мэдээлэх байв. Ядаж тэнд байгаа консулд нь, Элчин сайдын яаманд нь дуулгах байсан биз. Бүр Солонгост байгаа Элчин, консул монгол хүнээ гэдэг байсан бол хүчирхийлэлд өртсөн охин, гэр бүл нь тусламж хүсэж хандах байсан байх. Харин тэд Монголын Элчин сайдын яаманд биш монголчуудын эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагад хандаж байж, энэ хэргийн талаар монголчууд мэдээлэлтэй боллоо.

 Хохирсон иргэн яагаад бүхэл бүтэн улсыг төлөөлөн суугаа Консул, Элчин сайдын яамандаа биш Төрийн бус байгууллагад хандав гэдгийг бодох л асуудал!

Эх орныхоо гадаад харилцаанд итгээгүй, олон нийтэд илүү найдсан хэрэг биш үү. Яг л Н.Анхбаяр Төрийн нарийн бичгийн даргын хэлдгээр Монголд олон нийтийн сүлжээ хэрэглэгчид хүчтэй гэдэг шиг. Түүний үгийг жаахан мушгихад нь Монголын Гадаад харилцааны яамнаас фэйсбүүк, твиттерийн хэрэглэгчид илүү хүчтэй, илүү найдаж болохуйц гэсэн утгатай болчих биш гэж үү.

Ингэж бид улсынхаа гадаад харилцааны “гайхамшигт” үнэнг мэдэж авлаа. Харин одоо яаж ажиллахыг нь харцгаая. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Солонгосын элчин зөвлөх болоод яамны албаны хүмүүсийг дуудаж уулзаад, энэ хэрэгт онцгой анхаарахыг хүссэн гэнэ. Монголын гадаад харилцааны яамыг төлөөлсөн түүний онцгой гэдэг үг хэр үнэ цэнэтэй байхыг дэлхий даяар тархсан монголчууд нүд, чих тавин харж буй. Тэд ч өөрсдөд нь ийм асуудал тулгарвал эх орон нь, Монголын гадаад харилцаа хэрхэн хамгаалахыг мэдэхийг хүсч байгаа.

 Одоо энэ хэрэг ганцхан гэр бүлийн асуудал биш. Харин Монголын гадаад харилцааны асуудал боллоо.

Монголын гадаад харилцаа хэрхэн ажилладаг, цаашлаад гадны улс орнуудад хэрхэн үнэлэгддэгийг харахаар монголчууд хүлээж байна. Цаашлаад хилийн чанадад эрх нь зөрчигдсөн иргэнээ хэрхэн хамгаалахыг нь дэлхий нийт байг гэхэд Монголд буй гадны орны төлөөллүүд харахаар чих тавьж буй нь мэдээж.   

Холбоотой мэдээ