Р.ЭМҮЖИН. Залхуу л гэж боддог байсанд минь уучлаарай...

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-12-11 22:05:14

Р.ЭМҮЖИН.

Залхуу л гэж боддог байсанд минь уучлаарай...


Залуу хүү минь, уучлаарай...Залхуу л гэж та нарыг боддог байсанд минь уучлаарай. Залуу нас, төрж өссөн эрин, төрөхдөө авч ирсэн шинэ цагийг чинь ойлгоогүйд бас уучлаарай. Цагаан толгойн үсгүүдтэй танилцахаасаа ч өмнө интернэтэд нэвтэрч, энэ дэлхийн өнцөг булан бүрт зорчиж, технологиор амьсгалж өссөн 21 дүгээр зууны иргэд гэдгийг чинь бодолцоогүй бидэнд бас их учир дутагдал байдаг ажээ. Ажлын мал байсангүй, авдаг цалиндаа ханасангүй, олгосон боломжийг голж, олзны хойноос гүрийсэнгүй, үхэр адуу шиг тэвчсэнгүй гэж өчнөөн шүүмжилж дарамталсан маань ч өрөөсгөл байжээ. Өдөржин шавар зуураад зогсохдоо, эл шаврыг энэ эрин үед технологийн дэвшлээр тэвхийтэл зуураад, өрөөд, эцсийн бүтээгдэхүүн ядах юмгүй ганц товч дараад гаргадаг болсон гэдгийг чи мэддэг болохоор энэ ажлыг эрүүл мэндээ зольж хийгээгүй юм байна. Техник технологи, харилцаа холбоо, шинжлэх ухаан байж болох хамгийн өндөр төвшинд хөгжчихөөд байхад энэ бүхнийг оруулж ирэлгүйгээр илжиг шиг зүтгүүлэх гээд зөндөө үглээд өнөөг хүрчээ. Тэгсэн хэрнээ тэртээ ард, хэдэн жилийн өмнө үлдсэн арчаагүй бага цалингийн төлөө зүтгэсэнгүй гэж зөндөө буруутгажээ. Тэр цалингийн төлөө тэр байтугай эрүүл мэнд, цаг хугацаа, амар тайван байдал, хөгжих, сурах бололцоогоо золихоос татгалзсан нь залуу хүү чиний зөв байжээ. Ердөө л өглөө, оройн унааны мөнгө, өдрийн хоолны төлөө зүтгээд байвал ертөнцийн хаанаас чи амьдрал болоод өөрийгөө олох вэ, энэ талаар ч чи бас үнэнийг хэлсээн. Дэндүү хатуу цагийн хуваарь, дэндүү хайрцаглагдсан орчин, дэндүү шударга бус дүрмүүдийг тулгаж байсныг маань ч надад ойлгууллаа. Дэлхий ертөнц ингэтлээ хөгжиж, дэргэд заавал суугаад байх шаардлагагүйгээр, цагаа бүртгүүлж царайгаа надад харуулаад байх хэрэггүйгээр чи хаанаас ч ажиллаж чадна гэдгийг би мартсан байна. Өөрийгөө хүндэлдэг хүн бүрийн хүсэх ёстой шаардлагыг чи тавьж байсан байна. Ажлын цагийн уян хатан байдал, амралтын зүй зохистой хуваарь, техник технологийн ханамж, сурч мэдэх бололцоо, ахиж дэвших ирээдүй, эрүүл мэндэд халгаагүй орчин, гэр бүлд ээлтэй хандлага...нээрэн л ачаа зөөдөг, буулгадаг машинууд бүх хувилбараар шийдэгдчихээд байхад яагаад заавал залуу хүү чамайг ачааны тэрэг болгох гэж зүтгээд байснаа бодож үзлээ. Ээжийгээ эргэж нутагтаа оччихоод, тэндээсээ онлайнаар ажиллаад байж чадна гэдгийг чинь мэдсээр байсан хэрнээ санаагүй маань алдаа байлаа. Эсвэл өдөр бүр даргынхаа үүдийг сахиж, дагаж долигонож дадсан өнгөрсөн зууны ойлголтоосоо бид салах хэрэгтэй болсон байна. Ямартай ч залуу хүү минь, чамайг ажиллуулж, чиний сэтгэлгээ, чадвар, мэдлэгийг ашиглахын тулд ажил олгогч бид өөрчлөгдөх хэрэгтэй болжээ гэдгийг чи надад ойлгууллаа...гээд л ажил олгогч, үйлдвэрлэгч, бизнесийнхэн залуу үедээ ханддаг бол гоё оо. Бас энэ постыг заавал бичнэ гэж амлаад зөндөө удаасанд уучлаарай, нэр үл мэдэх, үл таних залуу хүү чиний хэлсэн, ярьсан өнцөг бүгд үнэн байсаан, шинэ эринийхэний шинэ гариг шиг хандлагыг илүү хүчтэй, илүү идэвхтэй байлгахын төлөө хичээнэ ээ. Хүн болгон адилгүй, гэвч бид бие биенийхээ ялгаатай байдлыг хүндэтгэх учиртай юм. Бидэнтэй адилгүй байгаад тань талархая. "БИД ЧАДНА" аяныг өрнүүлсэн эгэл жирийн залууст хаяглав..



Холбоотой мэдээ