РИО ТИНТОГ ЭСЭРГҮҮЦСЭН СЕРБИЧҮҮД ОЛОН МЯНГААРАА ЖАГСАЖ БАЙНА

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-12-12 03:56:24

Сербийн нийслэл Белград хотод олон мянган сербичүүд эсэргүүцлийн жагсаалд оролцож байна. Жагсаалд оролцогчид Австралийн Рио Тинто компанийг литийн олборлолт явуулахыг эсэргүүцэж буй юм. Рио Тинто компани 2.4 тэрбум ам.долларын өртөгтэй уурхайн олборлолт хийхээр Сербийн Засгийн газартай гэрээ байгуулсан. Рио Тинто компанид литийн олборлолт явуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаалд оролцогчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Ерөнхийлөгч Александр Вучичийн Засгийн газрыг буруушаасан уриа лоозон барьжээ. Нийслэл Белград хотыг захын хорооллуудтай холбосон томоохон хурдны зам, гүүр жагсагчдаар дүүрснээр хөдөлгөөн нь бүрэн зогссон байна.

Ингэхдээ “Засгийн газар гадаадын компаниудад эх оронд маань хүссэн бүхнээ хийхийг зөвшөөрсөн. Тэд биднийг зүгээр хүссэн хүн нь ирж зооглоход чөлөөтэй болгон тавган дээр тавьж өгч байна" гэж жагсаалд оролцогч 56 настай Владислава Чворич хэлжээ. Сербийн теннисчин Новак Жокович эсэргүүцлийн жагсаалын зургийг Instagram хуудастаа оруулан "Цэвэр агаар, ус, хоол хүнс бол эрүүл мэндийн түлхүүр" гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Сербийн баруун хэсгийн Сабак хотод болсон ижил зорилготой жагсаалын үеэр маск зүүсэн хүмүүс жагсагчид руу дайрч мөргөлдөөн үүсгэсэн явдал гарсан. Уг явдлыг  Сербийн Засгийн газар эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахын тулд танхайрагчдыг ашиглаж байгаа хэлбэр хэмээн буруутгах хүмүүс олон байгаа юм.

Рио Тинто компани Сербид цахилгаан машины батарейн гол түүхий эд болсон литийн томоохон ордыг 2006 онд баруун хэсгийн Лозница хотын ойролцоо нээсэн аж. Сербийн Засгийн газраас олборлолт хийх зөвшөөрлөө авсан  ч үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нь мужийн эрх баригчдийн зөвшөөрөл хэрэгтэй гэнэ.

Рио Тинтогийн Серби дэх салбар компани болох Рио Сава компанийн захирал Весна Продановичийн хэлснээр тус компани уг төсөлд 2,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Эсэргүүцлийн жагсаал 2022 онд болох үндэсний сонгуулиас хэдэн сарын өмнө болж байгаа бөгөөд санал хураалтын өмнө Ерөнхийлөгч Александр Вучичийн сонгуулийн компанит ажлыг угтан ийм жагсаал зохион байгуулж байна гэх шүүмжлэл ч гарч байгаа юм.

Австралийн Рио Тинто компани нь дэлхийн 35 оронд үйл ажиллагаа явуулдгийн дийлэнх нь уул уурхайн олборлолт хийдэг аж. 


Холбоотой мэдээ