ЭМҮЖИН: Танихгүй хүнд тавиагүй өрөө төлөхгүй…

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-16 05:32:52

Эртний мэргэдийн хэлсэн “Цөвүүн цаг ирэхэд танихгүй хүнд тавиагүй өрөө төлнө” гэж үг байдаг юм. Зэсийн үнэ ковидтой холбоотой эрэлт нийлүүлэлтээс шалтгаалан 2021 оны турш нэг тн нь 10 мянган ам.доллар тойрон эргэлдлээ. Энэ гэрээг анх байгуулж байсан үеийнхээс өссөн гэсэн үг юм.

Чухам энэ алтан үед Рио Тинто компани ганц захидал шидээд л монголчуудыг хэд талцуулчихлаа. Рио Тинтотой хийж байгаа хэлэлцээр тодорхой амжилтанд ойртож буй нь анхлан чиглүүлсэн Хүрэлсүхийн ялалт, үргэлжлүүлэн залгамжилсан Оюун-Эрдэнийн гавъяа, гардан ажиллаж байгаа ХЗ-н дэд сайд Солонгоогийн ахиц, өвлийн шөнөөр өлсгөлөн зарлаж тэмцсэн босоо Ганбаатарын амжилт, Рио Тинтогийн Зэсийн грүппийн захирал Болдын дэвшил гээд л хэд талцаад, хэчнээн ч савлаж байна даа.

Ер нь бол аль ч Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулах талаар санаачлагатай алхам хийх үүрэгтэй, хоёр тал алхам тутамдаа асуудлаа ярилцаад, шийдээд урагшлах учиртай юм. Ямартай ч Рио Тинтогоос захидал ирлээ, таван зүүлт хавсаргажээ. Одоогоор хэлэлцээр дуусч, хоёр тал гарын үсэг зурчихаагүй байна.

Тиймээс шоу ихдэж шоглоом болохоос өмнө зарим асуудлыг сөхөх нь зүй юм. Монголын талын 34 хувьд оногдох өр анхандаа 670 сая ам.доллар байсан. Гэвч энэ тоон дүн өссөөр 12 жилийн хугацаанд 22.0 тэрбум болж амжсан. Тэгсэн гэнэт л нөгөө чанга гарууд маань өрийн хар дансаа өөрсдөө шатаана гэнэ ээ.

Үүний тохиролцоонд Өмнөговийн Манлай, Цогтцэций сумд байх 60 орчим тн алт, 700 шахам мянган тн зэсийн нөөцтэй, Оюутолгой, Цагаансуваргын зэсийн үечлэлийн бүс нутагт оршдог томоохон орд газрыг Рио Тинтод Засгийн газар өгчихөөгүй байгаа гэсэн хардлагыг эдийн засагчид босгоод ирлээ.

Учир нь Хармагтайг стратегийн орд газарт бүртгээгүй, нэр нь ч тусгагдаагүй, мөн Засгийн газар Хармагтайн талаар 2024 он хүртэлх бодлогын зорилтдоо тусгаагүй. Мартагдсан ч юм шиг, мартуулаад байгаа ч юм шиг энэ орд газарт төрийн эзэмшлийн болон Австралийн хөрөнгө оруулалттай гэсэн хоёр өөр төсөл яригдаад удаж байгаа билээ.

Энэ орд газрын төрийн эзэмшлийн хэсэг нь Тавантолгойн ордоос 57 км, Оюутолгойн эрчим хүчний хангамжаас 60 км, Зүүнбаянгийн төмөр замаас ердөө 10 км-т байршдаг, маш амттай бүсэд оршдог. Дээр нь нөгөө гараад явахаараа айлгадаг Рио Тинто маань Дубайн гэрээний санхүүжилтийн төлөвлөгөөгөө цуцалж, санхүүжилтийг 100 хувь өөрсдөө хариуцах тухай захидалдаа дурдсан.

Бүр хоёр хар дансаа шатаана гэж байгаа тохиолдолд ард нь ямар тохироо хийгдэв гэдгийг сонирхох нь зүйтэй санагдана. Бас нэг анхаарал татаж байгаа асуудал нь Монголын Засгийн газар болон Рио Тинто компанийн хооронд үүссэн татварын маргаанаас улбаатай 150 сая ам.доллар, үүн дээр нэмэх 648 тэрбум төгрөгийн асуудал юу болов?

Энэ талаар Рио Тинто арбитрын шүүхээ хойшлуулах, азнах санал цухуйлгасан байх юм. Уг нь энэ маргаан гурван шатны арбитрын шүүх дамжин явсаар Лондонд төвтэй Олон улсын худалдааны эрх зүйн комисс буюу Юнситралд очиж хэлэлцэгдэх ёстой. Эхний арбитрын шүүх хурал 2022 оны наймдугаар сард товлогдсон байсан. Үүнийг азнах ямар эрх ашиг Рио Тинтод байна?

Энэ мэтийн ойлгомжгүй, хардалт дагуулсан асуудлаа тодорхой болгоод, хэлэлцээрийн үр дүнгээ албан ёсоор баталгаажуулах хүртэл бид хөөрцөглөж, эрх баригчид гавъяа амжилт булаацалдах арай л эрт байна шүү. Нэмж хэлэхэд Оюутолгойн ордын нөөцийг таван жил тутам шинэчлэн тогтоохоор анхны гэрээнд тусгасан.

Олон жил маргаан дагуулж байгаа энэ орд газар 2015 оны байдлаар зэс 34 сая тонн, алт 1200 тн, мөнгө 7200 тн гэж хоёр тал бататгажээ. Энэ ордыг Рио Тинто 30 жил эзэмшиж, 20 жилээр хоёр удаа сунгана гэсэн тохиролцоотой. Арай гэж 12 жилийнх нь ард Монголын ард түмэн хардалт, харуусал, бухимдал, хуваагдал зэрэгцүүлэн гараад байгаа нь энэ юм.

Ямартай ч нааштай үр дүн чих мялаалаа. Танихгүй хүнд мэдэхгүй өрнийхөө төлөө өөр ямар нэгэн орд газраа тавиад туучихаагүй нь үнэн бол энэ үнэхээр амжилт, үнэлэх ёстой хэлэлцээр үргэлжилж байгаа нь энэ ажээ.

Холбоотой мэдээ