Ажлаа хийх сануулгатай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж засагтаа үлдэх үү, явах уу

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-24 00:53:06

Ерөнхий сайдын зөвлөхөөс шууд тушаал дэвшиж одоогийн Засгийн газарт сайдын зэрэгт хүрсэн нь алдарт Ц.Нямдорж.  Л.Оюун-Эрдэнэ өөрөө санал тавьж түүнийг танхимдаа урьж ажиллуулж байгаа гэдгээ мэдэгдэж байв. Ц.Нямдоржийн олон жил төрд ажилласан туршлага, бас нас намба нь залуу Ерөнхий сайдад хэрэгтэй байсан байж мэднэ. Тэрбээр ХЗДХ-ийн сайдаар дөрвөн ч удаа  томилогдож ажилласан нэгэн.

Гэсэн хэдий ч одоогийн Засгийн газрын сайдууд хэдхэн хоногийн дараа давхар дээлийн давалгаанд өртөнө.  УИХ-ын сөрөг хүчний хоёр ч гишүүний давхар дээлийн асуудлаар ҮХЦ-д гаргасан гомдолд хэрэг үүсгэчхээд байгаа. Ирэх долоо хоногт ҮХЦ энэ асуудлыг хэлэлцэж дэмжих бөгөөд гаргасан шийдвэрийг нь УИХ хүлээн авч засгаа задалж эхлэх сценари хэдийн бэлэн болсон.  Ирэх хийгээд явах сайд нарын нэр ч үндсэндээ тодорхой болж тохиролцоонд хүрсэн гэх бөгөөд МАН-ын удирдах зөвлөл ч давхар дээл өмсөх сайд нартаа зориулсан шалгуур болзлоо  гаргасан гэх.

Л.Оюун-Эрдэнийн танхимаас үндсэндээ дан дээлтэнгүүд тэргүүн ээлжинд явна. Тийм шалгуурт өртөгсдийн нэг нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж. Харин өнөөг хүртэл явах сайд нарын нэгнээр түүнийг нэрлэхгүй байгаа.

Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр тус байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Засгийн газарт тэр дундаа Ц.Нямдоржид хандаж хатуухан сануулга өгнө билээ.

Тэрбээр “Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хууль хэрэгжиж эхэлнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гурван удаа албан тоотоор хууль журмуудаа өргөн барих албан мэдэгдэл хүргүүлсэн.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой 32 хуулийн хуульд нийцүүлэх асуудлыг Засгийн газраас өргөн барих байсан. Үүнээс 15 хуулийг өргөн барьсан. Үлдсэн 17-г нь Засгийн газар өргөн барих ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл өргөн бариагүй. Батлагдсан 15 хуулийн гурвыг нь  Засгийн газар, 12-ыг нь гишүүд өргөн барьсан. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газар ажлаа хий. Ц.Нямдорж сайдад хэл” гэв.

Ж.Мөнхбат гишүүний энэ үгнээс ЗГХЭГ ажлаа тун хангалтгүй хийж байгаа гэх логик шууд уншигдаж байна. Хуулийн 32 төсөл өргөн барих ёстойгоос  17-г нь одоо болтол өргөн бариагүй. Өөрөөр хэлбэл өргөн барих хугацаа нь хэдийн болчхоод хүлээгдэж байгаа байдалтай. Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг л явах сайдад тэр бүхэн тийм чухал биш байхыг үгүйсгэхгүй.

Ц.Нямдорж сайдын ажлын үнэлэмж УИХ-ын байнгын хорооны даргын үгээр ийн илэрхийлэгдэв.

ЗГХЭГ хэмээх Засгийн газрын гал тогоог залуу бөгөөд эрч хүчтэй  хүнээр түшүүлэх сануулга ч энэ байж мэдэх л юм.


Холбоотой мэдээ