Хойд Солонгосын 105 давхар “хоосон” зочид буудал энэ оны хамгийн муу барилгаар шалгарчээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-12-31 04:09:41

Хойд Солонгосын “Рюгён” зочид буудлыг Британийн хэвлэлүүд оны хамгийн муу барилгаар шалгаруулжээ.

25-ны өдөр Британийн Daily Mail сонин дэлхийн өнцөг булан бүрт баригдсан өндөр өртөгтэй, практикт ашиглагдах чадвар муутай, засвар үйлчилгээний зардал өндөртэй барилгуудыг сонгон уг жагсаалтаа танилцуулсан байна.

Пхеньян дахь “Рюгён” зочид буудалтай зэрэгцэн Румыны Бухарест дахь Үндэсний Ассамблейн байр, Испанийн Бенидорм дахь Intempo Apartments, Канадын Монреал дахь Олимпийн цэнгэлдэх хүрээлэн, ОХУ-ын Владивосток дахь Русский арлын гүүр, БНХАУ-ын Дунгуан дахь New South China Mall зэрэг барилгууд жагсаалтад багтжээ. 

Тус мэдээнд дурдаснаар "Рюгён" зочид буудлыг “хов хоосон 105 давхар барилга" хэмээн нэрийдэж, "Пирамид хэлбэрийн өвөрмөц барилга нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэгд баригдснаараа улам ихээр анхаарал татахад хүрсэн” гэж онцолсон байна. 

Рюгён зочид буудлын барилгын ажлыг Хойд Солонгосын эрх баригчид 1987 онд Өмнөд Солонгостой системчилсэн өрсөлдөөний хүрээнд эхлүүлж байжээ. Тухайн үед АНУ-аас өөр улсад баригдсан анхны 100 давхар барилга болж байсан ч ийнхүү барилгын ажлаа дуусгаж чадалгүй ашиглагддаггүй барилга болон хувирсан нь харамсалтай.


105 давхар тус зочид буудалд 3000 өрөөг шийдэж өгсөн нь Хойд Солонгост жил бүр ирдэг барууны жуулчдын тоотой бараг тэнцүү байгаа юм.


Рюгён” зочид буудлыг 1989 онд болсон Дэлхийн залуучууд, оюутны их наадамд зориулж мөн хугацаанд нээхээр төлөвлөж байсан ч эдийн засгийн хүндрэлээс болоод таван жилийн дараа барилгын ажил зөвхөн гадна фасадны хүрээг нь босгож дөнгөснөөр дуусгавар болжээ. Эцэст нь 2008 онд Египетийн харилцаа холбооны  Ораком компанийн хөрөнгө оруулалтаар гадна фасадны ажлыг дуусгаж чадсан байна. Улмаар 2018 оноос гадна хананд лед гэрлүүд суурилуулж, суртал ухуулгын чанартай дөрвөн минутын “гэрлийн шоу”-г толилуулах болжээ.


Тус зочид буудлыг барьж дуусгахад хоёр тэрбум ам.доллар буюу Хойд Солонгосын жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) таван хувьтай тэнцэх зардал гарах төлөвтэй байгааг Daily Mail онцолсон юм. 

Эх сурвалж: Korean Economy

Холбоотой мэдээ