Х.Баттулга: Том байгаач, Баатарсайхаан!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-28 02:28:38

Хаан банкны сүлжээний доголдол, шинэ эзнийг хэн ч мэдэхгүй хувьчлалтай холбоотойгоор Таванбогд групп, түүний захирал Баатарсайхантай холбоотой мэдээ сүүлийн өдүүдэд нийгмийн сүлжээнд сүрхий идэвхжив. Тэдгээрийн дунд “Хаан банк ашиггүй ажилладаг, Хаан банк дэргэдээ банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг, Таванбогдын пэйж хуудсаар Цагаан сарын өвчүү зарах зар явлаа” гэх мэдээлэл олны инээдийг, бас дургүйг хүргэнэ. Тэгвэл яг ийм утга нэгэн яриа алсын Америкт болжээ.

Тухайн үед Ерөнхийлөгч Х.Батулга АНУ-д айлчилж байж. Ерөнхийлөгч Трамптай уулзаж, мөн “Говь” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг АНУ-д гаргах, борлуулах гэрээг ёсчлоход оролцсон байна. Орой нь, айлчлалын баг болон АНУ-д амьдардаг монголчуудаа оролцуулан ЭСЯ-д хүлээн авалт хийжээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол малын түүхий эд эцсийн бүтээгдэхүүн болж нэмүү өртөг шингэсэн үнээр АНУ-ын зах зээлд борлогдох болсонд баяртай байна. Гэрээнд гарын үсэг зурах бол дөнгөж эхлэл. Монголын төр бүх талаар дэмжлээ, цаашид экспортоо нэмэгдүүлж, зах зээлд баттай байр сууриа олоорой гэж Баатарсайхан захирлаас хүсье. Монгол ноолуур Америкийн зах зээлийг эзлэх нь бизнесийн хувьд чамд ашиг болох ч, Монгол Улсад нэр хүнд авчирна. Чи өнөөдөр Монголын хамгийн олон харилцагчтай банкийг эзэмшиж байна. Монголын хамгийн үнэтэй, хамгийн өндөр өртөг, сервистэй автомашины бизнесийг чи хийж байна.  Монгол малын хамгийн ашигтай түүхий эдээр чи ганцаараа монополь шахуу бизнес хийж байгаа. Одоо АНУ-ын зах зээлд гарлаа. Энэ хэр хэмжээндээ том байгаач Баатарсайхаан. Утаагүй зуух нийлүүлэх тендерийг хүртэл авчихдаг MCS шиг ашигтай байж болох жижиг бизнес болгоныг битгий хамаад бай.  Одоо тэр сүлжээ хоол, пицца, хэвлэх үйлдвэр гэх мэт жижиг бизнесээ болиоч ээ. Бусад монгол хүндээ боломж олгож зах зээлийг нь суллаж өгөөч ээ. Хэн  Хаан банкны эзэнтэй өрсөж пицца зөөж гүйх юм бэ. Том бай, Баатарсайхаан”  гэж хэлж байжээ. Энэ яриаг тэнд байсан олон хүн сонсож, бас үнэн үг гэдэгтэй нь эвлэрч байжээ.

Ер нь улсаас үйлдвэр, орд үнэгүй шахуу авсан манай том бизнесмэнүүд хөгжлийн том төслүүд хэрэгжүүлдэггүй, дэлхийд гарах том бизнес хийдэггүй. Харин том мөнгөөрөө хотын төв том байшин барьж, үүргийн худалдаанд юу ашигтай байна вэ, түүний бизнест өрсөлдөгч болж жижгүүдээ шахдаг нь үнэн билээ.

Холбоотой мэдээ