Бусдыг дуурайж бизнес эхлэх буюу зорихын хазгай

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-04 07:56:41

Ямар ч ажилд зорилго байх ёстой. Компани байгуулсан ч, сургуульд элссэн ч, өглөөний дасгал хийсэн ч. Зорилго хувь хүн, өрх, байгууллага, улс үндэстэн гэх мэт төрөл бүрийн субъектын ямар нэгэн хэрэгцээг хангах, асуудлыг шийдэхэд чиглэж байж тодорхой, зөв болдог. Түүнээс биш “Бусад хүн хийгээд байгаа болохоор би ч бас хийх ёстой” гэсэн өнцгөөс хандвал зорилго тодорхой, зөв байж чадахгүй.

Хүн болгон их, дээд сургуульд элсээд байгаа учраас би бас элсэх ёстой, айлууд бүгдээрээ машин худалдаж авдаг учраас манайх ч бас жишгийг дагах ёстой, компани бүр вэб сайт хийлгэдэг болохоор бид ч бас хийлгэх хэрэгтэй, Казахстан автомашины үйлдвэр нээсэн юм чинь Монголд ч бас нээх шаардлагатай гэх мэтээр өөрийн хэрэгцээ, боломжинд суурилсан тооцоололгүй ажлыг эхлүүлэх нь анхнаасаа зорихын хазгай болдог.

Эндээс бизнест зорилготой байхын ач холбогдлын талаар товч өгүүлье. Энэ нь тухайн компанийн стратеги, санхүү, маркетинг, хүний нөөц, хэрэглэгч, менежмент гэх зэргээр бүх процесст хамаатай. Зөв тодорхой зорилго олон зүйлийг амар хялбар, хурдан түргэн болгож өгдөг.

Стратеги ба зорилго

Компани, байгууллага яагаад оршин тогтнож байгаа, юуны төлөө оршин тогтнож байгааг илэрхийлнэ. Жишээ нь, МСS компани “Дэлхийн хөгжлийг Монголд” гэсэн эрхэм зорилготой. Мобиком Эрхэм зорилгыг заавал бүрэн гүйцэд биелүүлэх албагүй бөгөөд тухайн компани, байгууллага энэ дэлхий дээр оршин байгаагийн учир шалтгааныг гүн ухаан, үүсгэн байгуулагчдын үзэл баримтлал, үндсэн зарчимтай холбоотойгоор илэрхийлдэг. Нэг том онцлог бол агуулга нь хэзээ ч өөрчлөгддөггүй аж.

Эрхэм зорилгыг Алсын хараатай /vision/ андуурах нь бий. Энэ хоёрын гол ялгаа нь Эрхэм зорилго тухайн зорилго, зорилтуудад ямар байдлаар хүрэх тухай үйлдлийн мөн чанарыг нээж харуулдаг бол Алсын хараа нь тухайн компанийн тэмүүлж буй ирээдүйн дүр зургийг хамгийн төгс байдлаар төсөөлж харуулдаг.

Орчин үед ихэнх том бизнесүүд зүгээр л мөнгө олохын тулд бизнес хийхээ хэдийнэ больсон. Тэд янз бүрийн түвшинд хэрэглэгчид, улс үндэстэн, хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхийн төлөө оршин тогтнодог. Үүний нэг тод жишээ нь Тесла компанийн цахилгаан машинууд. Зөвхөн ашгийн төлөө ажилладаг бизнес хичнээн сайн орлоготой байсан ч богино настай, тодорхой хугацааны дараа мухардалд ордог.

Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлс гурав нийлээд тухайн бизнесийн амин сүнс болно. Энэ гурвыг компанийн ажилтнууд сайн ойлгож авсан цагт л бүтээмж нэмэгдэх боломжтой.

Санхүү ба зорилго

Дээрх гурвыг тогтсоны дараа эхнээсээ цэгцтэй, бас тодорхой хугацааны дараа хүрэх зорилготой байх ёстой зүйл бол санхүү. Өөрөөр хэлбэл, өөрийн бизнесийн зорилго, зорилтуудыг тоонд буулгаж харуулах хэрэгтэй.

Эхлээд хэдэн боломжит худалдан авагч эцэстээ борлуулалт болж хувирах эсэхийг олж мэдэхэд харамгүй цаг зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой зах зээлийн хэмжээг тодорхойлно. Монголын жижиг бизнес эрхлэгчдийн дунд нэг нийтлэг алдаа байдаг нь борлуулалт хийгээд л, хүмүүс цалинжуулаад л, бүтээгдэхүүн хөгжүүлээд л байдаг, гэтэл яг тоогоор илэрхийлээд үзэхээр ашиггүй бизнес болж хувирдаг. Тийм болохоор өнөөдөр биш гэхэд ойрын хугацаанд та бизнесээсээ цэвэр ашиг хүртэж эхлэхээр тооцоолох хэрэгтэй.

Санхүүч, бизнесийн зөвлөх Ч.Мөнхбадрах ямар ч компани санхүү дээрээ дараах зүйлсийг байнга анхаарах талаар бичжээ. Үүнд:

  • Таны бизнес үр ашигтай байна уу, энэ жилийн, мөн өнгөрсөн жилийн цэвэр ашиг тань хэд байсан бэ?
  • Борлуулалтын хэдэн хувийг, түүнчлэн цэвэр ашгийн хэдэн хувийг аль бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээдэг вэ?
  • Борлуулалтын ажилтан бүрийн бизнестээ бий болгож буй өгөөж, тэдний бүтээмжийг тодорхой хэмжин дүгнэдэг үү?
  • Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг, нэгж бүтээгдэхүүнд ногдох тогтмол зардал, хугарлын цэг, тухайн бүтээгдэхүүний үнэ бүрдэлт буюу үнэ тогтоолт, хямдрал зарлаж чадах хувь хэмжээ тодорхойлогдсон уу?
  • Та энэ жил бизнестээ хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болон хэдийг татан авсан бэ, эсвэл эзний мөнгө ба бизнесийн мөнгө “нэг түрийвчинд” хамт байдаг уу?

Эдгээр асуултад тодорхой хариултууд бэлэн биш байгаа бол танай бизнесийн санхүү бүртгэл, тайлагнал тун цэгцгүй яваа, та үнэхээр ашигтай бизнес хийж буй эсэхээ мэдэх боломжгүй.

Хүний нөөц ба зорилго 

Дээр дурдсанаар амжилттай баг бүрдүүлэхэд энгийн байдлаар томъёолсон, бүх ажилчдад ойлгомжтой эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийн систем үндсэн нөлөөтэй. Зорилго, үнэт зүйлсээр (mission-driven) нэгдэж чадсан багийн гүйцэтгэл, бүтээмж хамаагүй өндөр.

Түүнээс гадна орчин үед “хүний нөөц” гэдэг ухагдахууныг ойлгож, хүлээх авах байдал тэс өөр болсон. Монголын хувьд саяхныг хүртэл хүний нөөцийг зардал хэмээн харж, хүний нөөц, боловсон хүчинтэй холбоотой процессууд бичиг цаас, захиргааны ажлын шинжтэй явж ирсэн.

Харин одоо компанийн компанийн чухал үнэт зүйлс нь бүтээгдэхүүн, үйлчилгээ бус хүн гэдэг хандлага төлөвшиж байна. Тодруулбал, хүний нөөцийн менежмент нь зөвхөн хүний нөөцийн мэргэжилтэн биш байгууллагын бүх түвшинд удирдлагын оролцоотойгоор хэрэгжүүлэх тогтолцоо юм. Хүний нөөцийн зөвлөх компанийн хүний нөөцийг П.Гандолгор “Муу удирдвал зардал, сайн удирдвал шавхагдашгүй баялаг” гэж тодорхойлжээ.

Хүний нөөц өөрөө бусад нөөцийг ашиглан баялаг болгон хувиргах чадвартай байдаг. Тиймээс бизнесийн эзэн эсвэл удирдагч бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх мэдлэг, туршлагаас гадна манлайлах, ажилчдынхаа хэрэгцээ, хүсэл мөрөөдлийг мэдэрч, дэмждэг манлайлагч байх шаардлагатай.

Холбоотой мэдээ