Бэлтгэлээ сайн хангачихвал хөрөнгө оруулалт асуудалгүй

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-05 01:20:36

Бидний ихэнх нь хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа шийдчихсэн байхад хэн ч бизнес эрхэлчихнэ гэж бодох нь бий. 

Гэтэл АНУ-ын Idealab технологийн инкубатор төвийн судалгааны үр дүн үүнээс зөржээ. Тэд амжилттай болон амжилтгүй 200 компанийн дунд судалгаа явуулахад цаг үеэ олсон байх нь амжилтад нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, тухайн бизнесийн санаа цаг үеэ мэдэрсэн, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд сайтар зохицсон байвал амжилт олох магадлал нэмэгддэг байна. 

Харин судалгааны үр дүнгийн хоёрдугаарт, баг хамт олныг онцолжээ. Багаа зөв бүрдүүлэхээс эхлээд багийн гишүүдээ нэг зорилго, алсын хараа руу чиглүүлж, нэгдмэл үнэт зүйлд хөтөлж чадвал амжилтад хүрэх зам дөт болох юм. 

Гуравт, санаа. Бизнесийн санаагаа л олчихсон байхад асуудалгүй гэж боддог олон хүн бий. Гэтэл уг судалгаагаар ‘Санаа’-г гуравдугаарт авч үзжээ. Яагаад гэвэл аливаа бизнесийн санаа гэдэг цаг үеийн шаардлагаар байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Нэг ёсондоо, цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд бизнесийн санаагаа улам бүр зүлгэж, өнгөлж, боловсронгуй болгон хөгжүүлж байх хэрэгтэй. 

Дөрөвт, бизнес модель. Ялангуяа, гарааны компаниуд уламжлалт компанийг бодвол бизнес моделио өөрийн хүссэнээр өөрчилж, шинэчлэх, шинэлэг шийдлийг хурдан нэвтрүүлэх боломжтой байдгаараа онцлог. Хурдтай, уян хатан, цаг үеэ мэдэрч ажилладаг нь энтрепренер хүмүүсийн ч онцлог юм. 

Тавдугаарт, хөрөнгө оруулалт. Дээрх дөрвөн алхмыг бүгдийг нь ягштал дагасан бол хамгийн сүүлчийн алхам болох хөрөнгө оруулалт олох нь өөрөө харьцангуй хялбар болдог. Товчхондоо, бэлтгэлээ сайн хийчихсэн байхад хөрөнгө оруулалт тийм ч хүндрэлтэй асуудал биш болно. Багахан хэтрүүлэгтэй хэлэхэд, хөрөнгө оруулагч өөрөө л ороод ирнэ гэсэн үг. 

Холбоотой мэдээ