Д.Амарбаясгалан: Хөгжлийн банкны зээлд холбогдсон гишүүдийг намын гишүүнээс түдгэлзүүлнэ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-02-12 00:22:43

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банкны зээлд холбогдсон улстөрчдөд ямар хариуцлага хүлээлгэх талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нараас асуулаа.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: МАН-ын дүрэмд албан ёсоор гэмт хэрэг, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдийг бүх түвшиндээ улс төрийн үйл ажиллагаанд оролцуулахгүй гэдэг заалтыг нэмсэн. Үүнийг УДШ баталсан. Намын дүрмийг ингэж өөрчилсөн нь ёс суртахууны хэм хэмжээг өндөр байлгах суурийг тавих зорилготой. Улс төрд орж, бүх түвшинд нэр дэвшиж, улс төрийн дэмжлэг туслалцааг авах гэж чамгүй олон жил хүч хөдөлмөр зарцуулдаг. Гэтэл сонгуульд нэр дэвшихдээ зарцуулсан мөнгөө олохын тулд үйл ажиллагаанд оролцдогийг таслан зогсооно. 

Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гэдэг нь тогтоогдсон намын гишүүнийг эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасаж, насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаана. Сумын иргэдийн хуралд ч нэр дэвшүүлэхгүй.

Зээлдэгчид Хөгжлийн банкнаас 1.5 тэрбум ам.долларыг 10 жил гаруй хугацаанд авчихаад төлдөггүй, 5-6 жил шүүхдээд хүү, алдангиа зогсоолгочихоод улсын гаднаас зээлж ирсэн мөнгийг шамшигдуулж байгаатай тэмцье. 2017 оноос хойш МАН МАНАН бүлэглэлтэй тэмцэх улс төрийн тэмцлийг эхлүүлсэн. Харин одоо МАНАН бүлэглэлийг үүсгэсэн бизнесийн бүлэглэлтэй тэмцэх цаг эхэллээ. Эрх барьж буй намын хувьд бүх боломжоо ашиглана.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:АН тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх ёстой. Хөгжлийн банкнаас эрх мэдэлтэй, цаанаа хүнтэй хүмүүс зээл авсан гэдэг нь ойлгомжтой байна. Анх их сайхан үгээр, зорилгоор байгуулагдсан өнөөдөр ийм болж байна. Хууль ёсны Ардчилсан намыг сүүлийн 3-4 жил ажил хийлгэх боломж олдсонгүй. Хэрвээ АН-аас эрх мэдэлтэн Хөгжлийн банкны асуудалд холбогдсон бол сайн дураараар очиж шалгуул гэж хэлмээр байна.


Холбоотой мэдээ