МАН-ын генсекийн бодол өөрчлөгджээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-02-16 02:18:48

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарсайхан "Хөгжлийн банк дотроо их асуудалтай болжээ! Ихэнх нь даалгавартай, зориудаар будлиулах гэсэн, эс үйлдэж асуудалд хандаж байна. Мэргэжлийн хуульчдын, Эдийн засгийн баг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна" хэмээн жиргэжээ. Өөрөөр хэлбэл МАН-аас Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг гарах гэж буй гэсэн үг. 


Хэд хоногийн өмнө бол МАН-ын генсек Хөгжлийн банктай холбогдсон бүхний толгойг илэхгүй тухай ярьж байв. Бараг л толгой дараалан намаасаа хөөх асуудал амнаас нь унаж байлаа. Түүний хэлснээр бол МАН-ын хөрөнгөлөг чинээлэг гишүүд дуун дээр хасагдана. Цаашлаад залуу гишүүд ч суугаад үлдэхгүй байлаа. Харин өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үг өөрчлөгджээ. Тэр Хөгжлийн банкны асуудалд илүү нухацтай хандах шаардлагатай гэж үзэв. Хууль, санхүүгийн хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах гэнэ. 

Хөгжлийн банк өнөөдөр будилж байгаа юм биш. Үүнийг нь Д.Амарбаясгалан дарга гэнэт одоо ч мэдсэн хэрэг огт биш. Өнөөдрийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуульзүйн дэд сайд байхдаа Хөгжлийн банкийг шалгаж, "маш том асуудалтай байна шүү" гэдгийг МАН-ынханд хэлсэн. Харин эрх баригчид эс үйлдсэн. Яг л Д.Амарсайхан даргын өнөөдрийн хэлж байгаа шиг. МАН-ынхан нүдэн балай, чихэн дүлий өнгөрчихөөд өнөөдөр матрын нулимс унагах нь утгагүй хэрэг. 

Хөгжлийн банкны зээлийг дээгүүрээ хувааж идэж байгааг мэдсээр өнөөдөртөө тулсан эрх баригчид одоо өнөө л шалгадаг тактик руугаа орох нь. Шалгаж байна, шалгасаар байгаа гэсээр хэдэн хаврыг үдэхийг таашгүй.

Уг нь олон нийт МАН-ын генсекийн үг юу юугүй ажил хэрэг болж, албан тушаал, эрх мэдлээ ашигласан бүхнийг намаасаа түдгэлзүүлж, асуудлаа шийдчихээд эргэж ир гээд явуулна гэж хүлээж байлаа. Гэтэл эрх баригч намын генсекийн үг замхарч, олон нийтийн хүлээлт талаар болох нь тодорхой болов. 

Холбоотой мэдээ