Украины Ерөнхийлөгч ОХУ-д яаралтай хориг тавихыг шаардлаа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-02-21 12:21:45

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бямба гаригт Германы Мюнхен хотноо болсон Аюулгүй байдлын хуралд оролцох үеэрээ барууны холбоотнуудад хандан ОХУ-ын түрэмгийлэхийг хүлээлгүй яаралтай эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг шаардлаа.

Мөн тэрээр Украины арми Донбасс дахь салан тусгаарлагчдын эсрэг байлдааны ажиллагааг эрчимжүүлсэн гэх мэдээллийг үгүйсгэсэн юм.

Харин АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Аливаа улсын хил хязгаарыг цэргийн хүчээр өөрчлөх ёсгүй гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр хэрэв ОХУ цэргийн хүчээр Украинд халдсан тохиолдолд баруун холбоотнууд хүчтэй, нэгдмэл эдийн засгийн хориг арга хэмжээ шуурхай хэрэгжүүлэхээр бэлдсэн болохыг анхааруулсан юм. Мөн Камала Харрис эдийн засгийн хориг арга хэмжээ ОХУ-ын санхүүгийн байгууллагууд болон экспортын гол салбаруудад чиглэнэ гэжээ.

Үүнээс өмнө барууны орнууд Москва Украин руу цэрэг хөдөлгөсөн тохиолдолд ОХУ-ыг олон улсын банк, санхүүгийн “Swift” системээс хасна гэх байр суурийг илэрхийлж байв.

Гэвч Германы Канцлер Олаф Шольц Украины Ерөнхийлөгчийн уриалгыг няцаасан байна. Тэрээр Москва барууны орнууд тэдэнд ямар хэлбэрийн хориг арга хэмжээ авахыг урьдчилан мэдэх ёсгүй гэсэн юм. Хориг арга хэмжээ бол айлган сүрдүүлэлт бус хурцадмал байдлыг энхийг замаар шийдвэрлэх сүүлчийн найдлага байх ёстой гэжээ.  

Тэгвэл ОХУ-ын Төрийн Думын спикер Вячеслав Володин бямба гаригт өрнөдийн орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ авах заналхийлэл ОХУ-ын нэг ч иргэнийг айлгаж чадахгүй. Учир нь ямар ч тохиолдолд барууны орнууд Москвагийн эсрэг аливаа хориг арга хэмжээг тулгах болно. Тэрээр энэ талаар ОХУ сүүлийн найман жил хориг арга хэмжээнд байгаа. Мэдээж энэ нь бидэнд асуудал үүсгэж байгаа нь үнэн. Хамтран ажиллаж, харилцаагаа сайжруулах нь зөрчилдөхөөс хамаагүй дээр. Гэвч өнөөдөр барууны орнууд ямар ч тохиолдолд ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна гэдгийг бүгд мэдэж байгаа гэжээ.

Эх сурвалж: 

TASS, Reuters, CNBC

Холбоотой мэдээ