Хятадууд яагаад эзгүй элсэн цөлд 552 км үргэлжлэх асар урт хурдны зам тавьсан бэ?

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-02-21 23:47:22

Хятадын хойд хэсэгт дэлхийд томд тооцогдох элсэн цөл оршдог. 300 гаруй мянган километр талбайтай элсэн цөлийг Такла-Макан гэнэ. Чухам энэ л эзгүй цөлд хятадууд маш үнэтэй хурдны зам тавьжээ.

Зах хязгааргүй элсэн цөлд дурайн харагдах засмал зам


Элсэн цөлд унах жилийн хур тунадас нь ердөө 25 орчим мм, харин ууршилт нь 150 дахин их явагддаг. Дэлхийн дулаарлаас болоод элсний 85 хувь нь мөнхийн хөдөлгөөнд оршиж байгаа юм. Такла-Макан – элсний нүүдлээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг. Өвөл, зуны агаарын хэм -25 хэмээс +40 хэмийн хооронд хэлбэлзэнэ. Ямар ч амьд амьтанд аюултай газар. Тэгээд хятадууд яагаад энд ийм засмал зам тавьж байгаа юм бэ?


Бүх хүндрэл, төслийн өндөр өртөг зэргийг даван туулж барилгачид хоёр жилийн дотор “амьд” элсэн дундуур нүүдэлдэг элсэн цөлийг гаталсан хамгийн урт замыг барьж дуусгаж чадлаа. Засмал зам нийт 552 км урт үргэлжлэх бөгөөд элсэн цөл дундуур 446 км-ыг туулж өнгөрнө. Засмал замын километр тутамд Хятад улс 14 сая ам.доллар зарцуулжээ.


Засмал замыг тавих урт удаан, хүнд ажил дууссаны дараа ашиглалтын асуудлууд үүсжээ. Засмал зам байсхийгээд л элсэн шуурганы дараа элсэндээ дарагдаж байлаа. Харин инженерүүд гарах гарцыг олсон юм: тэд зүлэгжүүлэх нүсэр ажлыг эхлүүлэхээр шийджээ. Зам дагуу хуурай уур амьсгалд тэсвэртэй скасаулын нэг төрлийг тариад зогссонгүй. Ногоон ургамлыг услах зорилгоор услалтын системийг нь ч шийдэж өгчээ. Усны эх үүсвэрийг гүний уснаас авч байгаа юм.


Зүлэгжилтийг туршилтын байдлаар эхний ээлжинд замын 6 километрт тарьжээ. Туршилт амжилттай болсон тул нийт замыг зүлэгжүүлэх ажилдаа орсон байна. 2005 он гэхэд зам дагуу 18 сая суулгац суулгаж дуусгасан юм. Засмал замыг элснээс хамгаалах уг суулгацын өргөн нь 72-78 метр үргэлжилнэ. Энэ нь дэлхийн хэмжээнд хамгийн томд тооцогдох “элсэн цөлийн ногоон хонгил” юм.

4 километр тутамд зам арчилгаа, зүлэгжилтийн арчилгааг хариуцсан цэгүүд байрлуулжээ. Цэг болгон дээр хоёр хүн ажилладаг. Мэдээж зам дагуу түргэн хоолны газар, шатахуун түгээх цэгүүд мөн ажиллаж байгаа.


Тэгээд, яах гэж?

Хятадуудад яагаад ийм зам хэрэг болов?

Элсэн цөлийн хоёр хязгаарт Бугур, Ния тосгод орших бөгөөд энэ нутгийн ард иргэд элсэн цөлийг хэдхэн цагийн дотор л туулах болжээ. Ямар ч хүндрэлгүйгээр, тав тухтай. Гэхдээ уг төсөл нь үүнээс том зорилготой байв. 20 дугаар зууны эхэнд хий, газрын тосны 1 тэрбум тонн нөөцтэй орд газар илрүүлжээ. Тухайн үед технологийн хөгжил, дэд бүтэц бүрэн хөгжөөгүйгээс болоод 1984 он хүртэл ордыг бүрэн ашиглаж чадаагүй байв.


Газрын тосны тээвэрлэлт асуудалтай тулгарч байснаас гадна үнийн хувьд ч өндөр байсан тул Таримын замыг барих шийдвэрийг гаргасан ажээ. 1999 онд нүүдэлдэг элстэй цөлд баригдсан хамгийн урт засмал замаараа Гиннесийн номд бичигдэх болсон юм.

Хятадын энэ туршлага хүн төрөлхтний ирээдүйд хэрэг болно гэж найдаж байна.

Холбоотой мэдээ