Путин Украинаас салан тусгаарлагдсан мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулах үүрэг өглөө

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-02-23 23:48:02

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарлагдсан Бүгд найрамдах Донецк ард улс, Бүгд найрамдах Луганск ард улсыг хүлээн зөвшөөрч, тус улсуудад энх тайван тогтоох үүргийг Батлан хамгаалах яамандаа өглөө. 

Өчигдөр болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр тэрээр дээрх шийдвэрийг гаргажээ. Ийнхүү Бүгд найрамдах Донецк ард улс, Бүгд найрамдах Луганск ард улсыг хүлээн зөвшөөрсөн цорын ганц улс ОХУ болоод байна. 

Эдгээр улсууд нь 2014 онд Украинд болсон Майданы хувьсгалын дараа Украины бүрэлдэхүүнээс гарч, бүх нийтийн санал асуулга явуулан ОХУ-ын бүрэлдэхүүнд орох санал гаргаж байв. 

Владимир Путин мэдэгдэл хийхдээ "Орчин цагийн Украин улсыг Орос үүсгэн байгуулсан. Зөвлөлтийн, коммунист Орос байсан" хэмээж, Крымийг Украинд өгөх Хрущевын шийдвэрийг дурссан байна.  Тэрээр мөн Украиныг Лениний үүсгэн байгуулсан улс хэмээжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский украинчуудад хандаж телевизээр шууд мэдэгдэл хийжээ. "Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр Орос Минскийн хэлэлцээрээс гарч, Нормандын хэлэлцээрийн шийдвэрийг үл тоомсорлож байна. Энэ нь энх тайвны хүчин чармайлтыг алдагдуулж байна" гэжээ. "Бид хэнээс ч, юунаас ч айхгүй, хэнд ч өргүй, хэнд ч юу ч өгөхгүй" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: ВВС


Холбоотой мэдээ