“Амь эрсэдсэн ч хамаагүй гээд вокзал руу хөдөлсөн эхний 4 оюутан үлдсэн найзуудаа эрсдэлээс аварлаа”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-01 10:40:24

Украины Харьков хотод хоргодох байранд байсан монгол оюутнууд өчигдөр Львов хот руу явах галт тэргэнд сууж хотоос гарч чаджээ. Энэ талаар тус хотод сурч буй хоёр оюутны ах Д.Мөнхжаргалаас тодрууллаа. 

-Өчигдөр орой Монголын цагаар 18.00 цагийн үед галт тэргэнд зөвхөн эмэгтэй оюутнуудыг суулгана гэж байсан. Эрэгтэй оюутнууд галт тэргэнд яаж суусан юм бол?
-Харьков хотын төв вокзалаас галт тэрэг явна гэсэн мэдээлэл уржигдар /2022.02.27/ гарсан боловч яваагүй юм билээ. Харин өчигдөр явсан, гэхдээ эхний галт тэргэнд манай зургаан оюутан, нэг монгол эмэгтэй, бас нэг эрэгтэй оюутантай наймуулаа суусан. Нэг эрэгтэй нь урт үстэй учир эмэгтэй гэж андуураад суулгасан юм билээ. Дараагийн галт тэргэнд үлдсэн 11 эрэгтэй оюутан маань амжиж сууцгаасан.

Харьковоос аюулгүй бүс рүү гарахыг хүссэн хүмүүс маш их, бүгд л галт тэргэнд суухыг хүсэж байгаа шүү дээ. Манай оюутнууд биедээ гар утас, бичиг баримтнаас өөр юмгүй, солих хувцас ч үгүй яваа.

-Ачаа тээш авч явах боломжгүй байна гэсэн үг үү?
-Ямар ч боломжгүй. Галт тэргэнд чемодонтай оруулахгүй байна гэнэ. Вокзал дээр маш их чемодан хаягдсан байна гэсэн. Галт тэргэнд суухад мөнгө авахгүй гэсэн юм билээ. Тэгсэн хоёр дахь вагонд суух болоход цэргүүд нь "100 доллар төл!" гэсэн. Оюутнуудад юу байх вэ, урдуур нь тойрч гүйлдээд проводник нь хараагүй байхад амжиж сууцгаасан гэнэ. Тэнд ямар ч хууль үйлчлэхгүй байна. Ямар ч дарга, эрхтэн дархтан байсан хамаагүй, хэн мөнгөтэй, хүчтэй нь амьд үлдэх дайны ороо бусгаа нөхцөл байна гэж манай оюутнууд хэлсэн. 

skip-share

Оюутнуудыг явснаас хойш удаагүй тэдний орогнож байсан хоргодох байранд хажууханд дэлбэрэлт болсон гэсэн. Манайхан авхаалжтай байж, амжиж гарцгаалаа.

Одоо Львов хот руу хараахан очоогүй, замдаа яваа байх. Харьковоос Львов хот хүртэл 1018 км, Львовоос Украин-Польшийн хил хүртэл 70 гаруй км, нийт 1100 орчим километр зам туулж аюулгүй газарт хүрэх юм билээ. 

Галт тэрэг явна гэсэн мэдээллийг манай оюутнууд яаж авсан бэ?

-Энэ мэдээллийг сонсоод, оюутнууд хоорондоо зөвлөлдсөн. Нөхцөл байдал дэндүү эрсдэлтэй байгаа учир бусад нь болгоомжилж, дөрөв нь амь эрсэдсэн ч хамаагүй явъя гээд такси хөлслөөд төв вокзал руу хөдөлсөн байна лээ. Такси ч тийм амар олдохгүй олдохгүй байна гэсэн. Замдаа таксиныхаа жолооч украин хүнтэй танилцаж, "Мөнгийг нь илүү төлье" гэж тохиролцоод үлдсэн найзуудаа тэр таксигаар дөрөв дөрвөөр нь татаж, бүгдээрээ вокзалд ирсэн. Юутай ч бүгдээрээ галт тэргэнд сууж, аюултай бүсээс гарч чадсанд ар гэрийнхэн бидний сэтгэл уужирч байна. Ямар ч улс орон иргэдээ татаж чадахгүй тийм хүнд нөхцөлөөс манай оюутнууд амьд гарцгаалаа. 
-Хоёр дахь галт тэрэг эхний галт тэрэгнээс хойш хэдэн цагийн дараа хөдөлсөн бэ?
-Хоёр цагийн дараа хөдөлсөн. Оюутнуудыг явснаас хойш удаагүй тэдний орогнож байсан хоргодох байрны хажуугийн байранд дэлбэрэлт болсон гэсэн. Манайхан авхаалжтай байж, амжиж гарцгаалаа. Дэлбэрэлт, буун дуутай орчинд эрсдэл хүлээж вокзал руу гарсан эхний дөрвөн оюутанд бид баярлаж байна.
-Оюутнууд Львов хот руу очиход манай ЭСЯ-ны ажилтнууд хүлээж авах уу?
-Тэгнэ гэсэн. ЭСЯ-ныхан оюутнуудаа хүлээж байгаа. Львовоос Польш руу гарна гэсэн мэдээлэл өгсөн гэв.

Холбоотой мэдээ