БНХАУ: АНУ-ыг нэг гэр бүл шиг байж, ‘Бүс ба зам санаачилга’-д нэгдэхийг урилаа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-02 12:29:21

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И даваа гаригт ИХ-7-гийн бүлгийн Build Back Better World initiative буюу “B3W” санаачилгад хамтран ажиллахаа илэрхийлж, АНУ-ыг Бүс ба зам санаачилга-д нэгдэхийг урилаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден Энэтхэг-Номхон далайн бүс нутагт улам бүр өсөн нэмэгдсээр байгаа Бээжингийн нөлөөг сөрөх зорилгоор хөгжиж буй орнуудад дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх “B3W” олон улсын эдийн засгийн санаачилгыг дэвшүүлсэн. Улмаар өнгөрсөн зургадугаар сард Английн Корнуолл хотноо болсон “ИХ-7” улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар барууны холбоотнууд энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхэд нэгдэн орсон. Товчхондоо “B3W” санаачилга нь платформ болон үзэл санааны хувьд БНХАУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох “Бүс ба зам санаачилга”-тай ижил юм.  

Ван И АНУ болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээнд тавьсан илтгэлдээ Бээжин болон Вашингтоны харилцааг хэвийн болгож, дэлхий нийтийг илүү сайн сайхан зүйлсээр хангахын тулд бид АНУ-ын B3W санаачилгатай уялдан ажиллахад бэлэн байна гэжээ. Мөн тэрээр АНУ-ыг Хятадын Бүс ба зам санаачилга болон БНХАУ-ын дарга Ши Жиньпиний өнгөрсөн есдүгээр сард дэвшүүлсэн Дэлхийн хөгжлийн санаачилга-д урьж, хамтран оролцоход нээлттэй гэдгийг илэрхийлсэн байна.

Түүнчлэн, Хятадын гадаад хэргийн сайд Ази-Номхон далайн бүс нутагт Бээжин болон Вашингтон хамтран ажиллаж, бүс нутагт зөрчил, сөргөлдөөн бий болгохын оронд нээлттэй, хүртээмжтэй, харилцан уялдаа, харилцан ашигтай гэр бүл байхыг ёстой гэж уриалсан юм. Өөрөөр хэлбэл, Бээжингийн эрх баригчид АНУ-тай сөргөлдөх бус хамтран ажиллахыг илүүд үзэж байгаа аж.    

Ажиглагчид БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын уг мэдэгдлийг Украины асуудлаас үүдэн Бээжингийн ойрын гол холбоотон болох ОХУ эдийн засгийн хувьд гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, хүнд байдалд ороод байгаатай холбон тайлбарласан байна. Гэсэн ч Ван И Цагаан ордны эрх баригчдад хандан Тайваний тусгаар тогтнол тэргүүтэй Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг дахин анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters


Холбоотой мэдээ