БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Юн Сук Ёлын тухай 6 ДУУЛИАН

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-03-10 06:53:41

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ард түмний хүч намаас нэр дэвшсэн Юн Сук Ёл сонгогчдын 48.59 хувийн саналаар ялалт байгуулсан билээ.

Тэрбээр ирах тавдугаар сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөнө. БНСУ-ын Үндсэн хуулийн дагуу түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байх юм.

Юн Сук Ёл уран зургийн үзэсгэлэнгээр мэргэшсэн “Covana Contents” компанийн захирал Ким Кун Хи гэх бүсгүйтэй 2012 онд гэрлэсэн. Юн Сук Ёл 61 настай бол түүний эхнэр 49 настай. Ким Кун Хи Сөүлийн их сургууль зэрэг хэд хэдэн их сургууль төгссөн боловсролтой бүсгүй.


Гэвч тэрбээр нөхрөө БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад карьерынхаа талаар худлаа мэдүүлсэн гэх дуулианд холбогдсон юм. Уг дуулианы үеэр Ким Кун Хи олон нийтийн өмнө толгой бөхийн уучлалт гуйж “Би сайн харагдахын тулд карьерынхаа талаар худлаа бичсэндээ уучлалт гуйж байна. Би үүнийг хийх ёсгүй байсан юм. Эргээд бодоход энэ бол гутамшиг байсан” хэмээн олон түмнээс уучлалт эрж байв.

Ким Кун Хи мөн энэ дуулианаас болж хүнд замыг туулж өдий зэрэгт хүрсэн нөхрийг нь дэмжихээ болихгүй байхыг солонгосчуудаас хүссэн билээ. Түүний уран зургийн үзэсгэлэнгийн компанийн үйл ажиллагаатай холбоотой дуулиан мөн гарч байлаа.


Юн Сук Ёлын талаар ч дуулиантай олон мэдээлэл байдаг. Нүдний нэгэн төрлийн өвчнөөс болж цэргийн албанаасаа халагдаж, уг өвчнөөсөө болж жолооны үнэмлэх авч чадаагүй Юн Сук Ёл их сургуулийн төгсөх шалгалтдаа есөн удаа унаж байжээ. Үүнийг нь 1980 оны ардчиллын төлөөх оюутны бослогод идэвхтэй оролцож, тухайн үеийн эрх баригчдыг хурцаар шүүмжилж байсантай нь холбон тайлбарладаг.


Юн Сук Ёл 2016 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд холбогдох авлигын хэргийн мөрдөн байцаалтыг ахалж, олон хүнийг баривчилж байсан юм.

Юн Сук Ёл 2019-2022 онд БНСУ-ын Ерөнхий прокуророор ажилласан билээ. Тэрбээр прокурорын хувиар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Бак, Пак Гын Хэ, Тагнуулын газрын гурван дарга, нэг ерөнхий шүүгч, 100 гаруй өндөр албан тушаалтан, “Samsung”, “Hyundai” корпорацын удирдлагуудыг ялласан байна.


Юн Сук Ёлыг шүүмжлэгчид түүнийг хэт барууны популист гэж тодорхойлдог.


Тэрбээр эдийн засаг дахь төрийн оролцоог эсэргүүцдэг билээ. Юн Сук Ёл Ерөнхийлөгчийн сонгуульд ялвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цуцлахаа мэдэгдсэн юм.


Юн Сук Ёл мөн “Ерөнхийлөгч болвол БНСУ-ыг дахин цөмийн зэвсэгтэй болгоно. АНУ-ыг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт дахин стратегийн зэвсэг байршуулахыг шаардана” гэж мэдэгдэж, дуулиан тарьж байсан билээ. Хүмүүс Юн Сук Ёлын энэхүү мэдэгдлийг “маш хариуцлагагүй” гэж тодорхойлон, эсэргүүцэж байсан юм.



Холбоотой мэдээ