Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар Оюутолгойн зэсийн баяжмалыг тээвэрлэж эхэлжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-14 01:30:27

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар Оюутолгойн зэсийн баяжмалыг тээвэрлэж эхэлжээ


Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр хэвтээ тэнхлэгийн төмөр замын ажил 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн. Энэ бүтээн байгуулалт дууссан бөгөөд 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр галт тэрэгний хөдөлгөөнийг нээж, туршилтын тээврийг эхлүүлэхэд бэлэн гэдгийг “Монголын төмөр зам” ТӨХК-аас мэдээлж байв.

Туршилтын тээврийг гуравдугаар сарын 8-ны өдөр эхлүүлсэн бөгөөд Оюутолгой компаниас зэсийн баяжмал ачсан анхны галт тэрэг Зүүнбаян, Сайншанд, Замын-Үүдээр дамжин БНХАУ-д хүрсэн гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдэгдлээ.

Тодруулбал, "Оюу толгой" ХХК-ийн 3200 тонн зэсийн баяжмалыг 50 галт тэргээр Замын-Үүд боомтод хүргэн, хил нэвтрүүлэн экспортод гаргажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын гурав дахь арав хоногт Дорноговь аймагт ажиллаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын нээлтийг албан ёсоор хийхээр төлөвлөжээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажилласан.


Тодруулбал, тус төмөр замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний 10 гаруй анги, туслан гүйцэтгэгч дотоодын 60 гаруй аж ахуйн нэгжийн 6,000 орчим алба, ажилчид 1.2 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Харин төмөр замын дээд бүтцийн үндсэн бүрдэл хэсэг болох рейльс төмрийг угсрах, 2 үе балластыг дэвсэх, чигжих ажилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб оролцож, 195 км, 221 км-ийн ажлыг тус тус хуваан гүйцэтгэжээ. Мөн төмөр зам дагасан 6 зөрлөг, 1 өртөөний барилгын ажлыг мөн Зэвсэгт хүчний ангиуд барьж дуусгасан байна.


Холбоотой мэдээ