Тэтгэвэрт гарахгүйн төлөөх тэмцэл

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-03-26 11:03:39

УИХ-ын баталсан хоёр үзүүртэй зүү, гурван үзүүртэй зангуу шиг хуулиуд ойлгомжгүй байдал үүсгэсээр л... Тухайлбал, Цэцийн тухай хуулийн 4.4-т “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэсэн заалт маргаан үүсгэж байна. Энэ заалт нь төрийн алба хаах насны дээд хязгаараасаа хэтэрсэн Цэцийн дарга Н.Чинбатыг ажилтайгаа үлдэхэд нь үйлчилж байна.

Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцүүлж, зургаан жилийн хугацаагаар томилдог. Улсын дээд шүүхээс 2017 онд нэр дэвшүүлэн томилуулсан Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа 2023 онд дуусна. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч төрийн алба хаах насны дээд хязгаартаа аль хэдийнэ хүрсэн. Төрийн албаны тухай хуульд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байна” гэж заасан байдаг. Мөн дээр дурдсанчлан Цэцийн хуульд “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэж заасан.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд одоо 66 настай. Тиймээс Улсын дээд шүүх түүний оронд томилуулах нэр дэвшигчээ тодруулахаар өнгөрсөн арванхоёрдугаар сард сонгон шалгаруулалт зарласан юм. Сонгон шалгаруулалтад нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр, тус зөвлөлийн гишүүн асан В.Оюумаа нар нэрээ дэвшүүлсэн ч хэн нь ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн олонхийн саналыг авч чадаагүй. Тиймээс дахин сонгон шалгаруулалт зарласан. Гэтэл Цэц Улсын дээд шүүхийн энэ процессыг зогсоожээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж, ийм зүйл болсон гэдгийг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүлээн зөвшөөрлөө.


Б.ЭНХБАЯР:

 -Цэцийн даргын тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд УИХ-аас баталсан хуулийн дагуу Дээд шүүх цэцийн гишүүний орон тоог зарласан юм байна. 

Гэтэл Цэцийн дарга Н.Чинбат “Би тэтгэвэрт гарахгүй ээ. Энэ хууль надад үйлчлэхгүй ээ” гээд Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэчихсэн юм байна

Өөрөөр хэлбэл, манай Үндсэн хуульт байгууллагын хамгийн дээд байгууллагуудын дунд ийм “зодоон” болж байгаа юм байна. 

Үүнийг бид анзаараагүй явж. 

Энэ нь Үндсэн хуулийн хямрал руу түлхэх нь. 

Үндсэн хуулийн дээд байгууллага маань Үндсэн хуулийнхаа дээр гараад ямар нь надад үйлчлэх үү, ямар нь надад үйлчлэхгүй вэ гээд сууж байна. 

Монгол Улсын бүх төрийн албан хаагчдад тэтгэврийн нас яг адилхан үйлчилдэг.

Гэтэл Цэцийн даргад үйлчлэхгүй гээд яриад сууж байна.

Ийм зарчимгүй явдал болж байгааг Х.Нямбаатар сайд мэдэж байгаа юу?

Х.НЯМБААТАР: -Ийм зүйл болсон юм билээ. Цэцийн дарга Н.Чинбат төрийн алба хаах насны дээд хязгаар нь болсон тус Дээд шүүхээс томилуулсан албан тушаалтан учраас орон тоонд нь сонгон шалгаруулалт зарлах шийдвэрийг Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан. 

Ингээд Дээд шүүх дээр процесс явагдаж байхад Цэцийн гишүүн Г.Туулхүү шийдвэр гаргаад зогсоосон юм билээ. 

Мөн иргэн Т 2020 оны зургаадугаар 2-нд Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар дүгнэлт гаргуулахаар Цэцэд хандсан юм билээ.  

Тухайн үед нь Цэц ажлын албаараа дамжуулан дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн. 

Харин одоо Цэц энэ асуудал дээр нь хэрэг үүсгэсэн. Ирэх даваа гаригт Цэц Их суудлын хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэх юм байна. 

Хэрэв Үндсэн хууль зөрчсөн байна гэж шийдвэл Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах үндэслэл бүрдэх юм билээ. 

Надад ийм л мэдээлэл байна.   


“Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэсэн заалтын "чөлөөлөгдөж болно" гэдэг хоёрхон үг маргааны гол шалтгаан болоод байгаа юм. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатад сонголт өгч байгаа мэт боловч хууль хоорондын зөрчил, ойлгомжгүй байдал үүсгэж байна.

УИХ 2016 онд Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тухайн үед хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 60 байхаар төсөлдөө тусгасан байлаа. Харин хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар 65 болгох зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах үед “Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар дахин УИХ-д сонгогдохгүй бол Цэцийн гишүүнээр томилогдох зорилгоор өөрсдөдөө зориулсан заалт орууллаа” гэх шүүмжлэл гарч байлаа. Энэ заалт өөрсдөд нь хэрэг болоогүй ч 2017 онд 61 настай Н.Чинбатад хэрэг болж Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон юм. Харин одоо тэтгэвэрт гаралгүй бүрэн эрхийн хугацаагаа дуустал үргэлжлүүлэн ажиллахын төлөө тэмцэж байна. Өвөө нарын тэмцэл үүгээр ч зогсохгүй цааш үргэлжлэх биз ээ.


Холбоотой мэдээ