Ж.Сауле: Нэгдүгээр ангиас монгол хэл заах нь цөөнхийг хавчиж байгаа хэрэг биш

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-07-07 11:16:44

Энэ жилийн ЭЕШ-аар нэг элсэгч казах хэлээр шалгалт өгч, цөөнгүй хүүхэд гомдолтой үлдсэн тухай мэдээллүүд асуудал дагуулаад байна. Ер нь жилийн жилд Баян-Өлгий аймагт хэдэн хүүхэд ЕБС төгсдөг вэ. Тэдний хэдэн хувь нь их, дээд сургуульд элсэж ордог юм бол? 

-Аймгаас авсан мэдээнээс үзэхэд жилд 1200-1400 хүүхэд 12 дугаар анги төгсөж, тэдний 500-700 нь ЭЕШ өгдөг. Үүнээс  тэнцдэг нь 400-450 байна. Мэдээж энэ тоо тухайн жилийн нийт төгсөгчдийн тооноос хамаарч тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж болох юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн боловсролын газраас авсан нь  дээр байх.

-Ер нь бол Баян-Өлгийн сурагчдын монгол хэлний мэдлэг хангалтгүй байгаа нь аль 2009 оноос яригдсаар ирсэн  асуудал. 2019 онд 43 сургууль байгаагийн хоёр нь л монгол хэлээр хичээлээ заадаг болохыг ХЭҮК-оос мэдээлж байсан. Энэ байдалд яагаад ахиц гарахгүй байдаг юм бол?

-Баян- Өлгий  аймаг бол олон үндэстэн, ястны нутаг. Нийт хүн амын 95 хувь нь казахууд, үлдсэн нь урианхай, дөрвөд, тува болон халхууд амьдардаг онцлогтой.

Тэгэхээр асуудлын гол нь сургуулийн тоонд биш юм. Гол нь тус аймагт боловсролын асуудлын тухай ярихдаа зайлшгүй хөндөх ёстой  2-3  асуудал байна. Нэгдүгээрт, тус аймагт ганц боловсролын салбарт төдийгүй бараг бүх салбарт боловсон хүчний сонголт, томилгоо буруу явж ирсэнтэй холбоотой. Төрийн алба нь төрлийн алба болон хувирч, УИХ-ын гишүүдээс эхлээд дарга нарын төрөл садан, найз нөхөд, тэдний цүнх баригчид ар өврийн хаалгаар ажилд ордог нь нууц биш юм. Үүнийг бараг амтай болгон ярьдаг, шүүмжилдэг. Хоёрдугаарт, дээрх шалтгааны улмаас сургалтын чанар эрс муудсан. Чанаргүй боловсон хүчнээс чанартай бүтээгдэхүүн гарахгүй гэдэг нь тодорхой шүү дээ. Гуравдугаарт, үндэсний цөөнхийн хүүхдүүдэд зориулсан хос хэлний чанартай сургалтын хөтөлбөр, чанартай сурах бичиг хэрэгтэй. Сайн материаллаг бааз байхгүй бол чанартай сургалт явуулах боломжгүй. Тиймээс боловсролын зөв бодлого, багш­лах сайн боловсон хүчин,  хэрэглэх чанартай сурах бичиг, материаллаг баазгүйгээр энэ асуудлыг амархан шийдэх боломжгүй.

-Тийм атал нэгдүгээр ангиас монгол хэл сургахыг эсэргүүцэж, Үндэсний цөөнхийг хавчин гадуурхлаа, хэл соёлд эрсдэл учруулах гэж байна гэдэг нь ямар учиртай юм бол? 

-Би энэ асуултад өөрийнхөө өнцгөөс хариулъя. Юуны өмнө энэ асуудлыг өлгийчүүд бүгдээрээ эсэргүүцэж байгаа юм биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Нэг хэсэг нь эсэргүүцэж байхад нөгөө хэсэг нь дэмжиж байгааг нийгмийн сүлжээнд тавигдсан хүмүүсийн сэтгэгдлээс харж болно. Асуудлын учрыг сайн ойлгоогүй нэг залуу гарч ирж эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийлээ гээд сүйд болох ямар ч шаардлагагүй. Тэр хүн ардчилсан нийгэмд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийллээ гэж ойлгож байна. Нөгөө талаар тэр хүү нийт өлгийчүүдийг төлөөлөхгүй шүү дээ. Энэ жил монгол хэлний шалгалтад 600 хүүхэд хангалтгүй дүн үзүүлж, нэг нь амиа хорлохыг завдсан нь Баян-Өлгий аймагт боловсролын асуудал ямар түвшинд байгаагийн бодит жишээ юм.

Сүүлийн арваад жил ерөнхий эрдмийн шалгалтад дандаа 21 дүгээр байрт жагсаж байна. Дээд сургууль төгссөн цөөнгүй залуус төрийн албаны шалгалтад тэнцэхгүй байгаагаас төгссөн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа. Төгсөгчдийн монгол хэлний бичгийн чадвар туйлын тааруу байгааг бид алхам тутамдаа харж байна. Бид үүнд дүгнэлт хийж, арай өөрөөр сэтгэж, хойч үеийнхнийхээ  ирээдүйг бодох хэрэгтэй.

Нэгдүгээр ангиас монгол хэл зааж эхлэхэд болохгүй юм байхгүй. Тэглээ гээд үндэсний цөөнхийг хавчин гадуурхсан хэрэг биш.  Хэл соёлд ямар ч эрсдэл учрахгүй. Хамгийн гол нь сургалтын хөтөлбөр,  заах арга нь зөв, сурах бичиг нь сонирхолтой  байх  ёстой. Тухайлбал, Шинэ Зеланд шиг зарим оронд 6-7 настай хүүхдэд хичээл заахад зураг, тоглоом, яриа голлосон, аль болох бага насны сэтгэхүйд тохирсон сонирхолтой арга голлодог юм билээ. Ийм аргаар монгол хэл заахад болохгүй юм огт байхгүй. Нөгөө талаар бүх хичээлийг монгол хэл дээр заана гээгүй. Монгол хэл долоо хоногт тодорхой цагаар ороод бусад хичээл нь казах хэл дээр ордгоороо ороод явна гэсэн.

-Монгол хэл бол төрийн албан ёсны хэл. Энэ хичээлийн сургалтын чанар багш нараас их шалтгаална. Багш нарынх нь чадвар хэр байдаг вэ?

-“Шавийн эрдэм багшаас” гэж үг бий. Л.Энх-Амгалан сайд Баян-Өлгий аймгийн  монгол хэлний багш нарын 80 хувь нь чанарын шаардлага хангахгүй байна гэж хэлсэн нь үнэний ортой байх. Төрийн албан ёсны хэлийг Монгол Улсын ямар ч иргэн сурах, эзэмших ёстой. Эзэмшихдээ нэлээд өндөр түвшинд мэдэх ёстой гэж боддог. Миний бие Баян-Өлгий аймагт олон удаа томилолтоор ажиллаж байсан. Зарим төрийн албан хаагч ажлаа танилцуулж чадахгүй, тайлангаа буруу зөрүү бичсэн байдаг нь түгээмэл тааралдаж байлаа.  Тийм учраас аймгийн боловсролын асуудалд маш нухацтай хандаж, төрийн бодлогын түвшинд авч үзэх хэрэгтэй гэдэг бодол нэлээд хэдэн жилийн өмнөөс төрсөн юм. Тийм учраас Л.Энх-Амгалан сайдын шийдвэрийг дэмжиж байгаа хүний нэг нь би. Багш нарын монгол хэлний мэдлэг, чадварын тухайд өөрийн бодлыг хэлье.

Миний бодлоор монгол хэлний багш нарыг чанаржуулах хэд хэдэн арга байна. Нэгдүгээрт, одоо байгаа бүх монгол хэлний багш нарыг аттестатчилж, шаардлага хангахгүй байгаа багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, 12 дугаар  анги төгсөгчдөөс сурлага сайтай хүүхдүүдийг монгол хэлний багш болгох зорилгоор их, дээд сургуульд сургахдаа сургалтын төлбөрийг төрөөс даах, хөнгөлөлт үзүүлэх, Төрийн сангийн зээлд хамгийн түрүүнд хамруулах асуудлыг цаг алдалгүй шийдэх хэрэгтэй. Гуравдугаарт, аймгийн Боловсролын коллежийг МУБИС-ийн мэдэлд шилжүүлж, монгол хэлний багшийн ангийг нэн яаралтай нээх шаардлагатай. 

Энэ коллежид МУБИС-ийн болон бусад их, дээд сургуулийн багш нарыг тодорхой хугацаагаар томилолтоор ажиллуулах талаас зохицуулалт хийх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, орон нутагт ажиллах сонирхолтой чадвартай залуу багш нарыг орон байраар хангах, алслагдсан бүсийн нэмэгдэл олгох зэрэг нийгмийн асуудлыг шийдэж, тогтвортой ажиллах боомжоор хангах гарц бий. Тавдугаарт, аливаа асуудалд сэтгэлийн хөдөлгөөнөөр, бүдүүн тоймоор биш, шинжлэх ухааны үндэстэй, судалгаатай хандах хэрэгтэй. Тиймээс Боловсролын хүрээлэн, МУБИС, МУИС-ийн Боловсрол, сэтгэл зүйн тэнхим зэрэг судалгааны төвийн эрдэм­тэн судлаачдаас бүрдсэн баг байгуулж, казах хүүхдүүдийн сэтгэх­үйн онцлогийг судлах, багш нарын заах аргыг сайжруулах, сурах бичиг, сургалтын хөтөл­бөрийг боловсронгуй болгох талаар тодорхой судалгаа хийж, дүг­­нэлт хийх шаардлагатай. Эдгээр асуудлыг цогцоор нь авч үзэх нь энэ асуудлыг нааштай шийд­вэрлэх томоохон алхам болно.

-Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Баян-Өлгийд байгаа казах иргэдийн эх хэл нь монгол хэл биш казах хэл. Иймд хос хэлний хөтөлбөр байх ёстой” гэж хэвлэлд ярьсан. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Засаг дарга Д.Бауыржан өөрийнхөө санаа бодлыг хэлсэн нь буруу биш юм. Хос хэлний хөтөлбөр одоо ч явж байгаа гэж боддог. Харин түүнийг улам боловсронгуй болгох шаардлага байгаа. Хос хэлний хөтөлбөр зөвхөн казах хүүхдүүд төдийгүй тус аймгийн тува хүүхдүүдэд ч хамаатай.

-Казах түмний дотроос  улс орны бүхий л салбарт алдар нэрээ дуурсгасан баатар, гавьяатууд олон бий. Сүүлийн үеийн залуусаас манлайлагч хэр олон гарч байгаа бол? 

- Сүүлийн үед дэлхийн шилдэг сургуулийг төгссөн, хэлний  мэдлэг сайтай, чадвартай залуус цөөнгүй төрөн гарч байна. Тэдний дотор ганц казах залуус төдийгүй дөрвөд, тува, урианхай залуус ч бий. Харамсалтай нь улс төр, жалга довны үзэл, авлига, ар өврийн хаалга зэргээс болж өөрийн эзэмшсэн мэргэжлээр хүссэн ажилдаа орж чадахгүй байна. Энэ бол нэлээд олон жил үргэлжилж байгаа үзэгдэл. Ялангуяа сүүлийн арваад жил Баян-Өлгий аймаг ганц нэг хүний “Вант улс” болж хувирсан. Тэдний хамаатан, төрөл садан, найз нөхөд, худ ураг  биш бол хэн ч сурсан сургууль, эзэмшсэн мэргэжлийнхээ  дагуу  хүссэн ажилдаа орж чадахгүй. Энэ бол бодит үнэн. Тийм учраас ард түмний төлөө гэж гарч ирээд зөвхөн өөрийнхөө эрх ашгийг боддог улстөрчдөөс салахгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй.

-Боловсролын хөгжлөөс үүдээд боловсон хүчний нөөц, орон нутгийн хөгжлийн асуудал ямар байдаг бол гээд олон асуултууд ургаж гарч байна? 

-Баян-Өлгий аймагт боловсон хүчний бодлого алдагдсан гэдгийг дээр тодорхой ярьсан учраас товч хариулъя. Мэдээж аймгийн хөгжил бол боловсон хүчнээс шалтгаална. Энэ бол хамгийн гол хүчин зүйл. Боловсон хүчний талаар алсын хараатай зөв бодлого баримтлаагүй цагт хөгжлийн талаар бодоод ч хэрэггүй. Энд хамгийн түрүүнд нөлөөлж байгаа зүйл бол  хэдэн улстөрчийн явцуу эрх ашиг, жалга довны үзэл, аймгийн нийт ард түмний эрх ашиг биш өөрсдийн хамаатан садан, найз нөхөд, танил талынхаа эрх ашгийг боддог харалган бодлого юм. Нөгөө талаар,  аймгийн аль ч салбарт авлига газар авсан. Энэ бүхнээс болоод дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоогоор  бусад  аймгуудтай харьцуулахад дээгүүр жагсдаг. Ер нь шударгаар хэлэхэд УИХ-ын гишүүд, дарга нарын хамаатан биш бол хэн ч хүссэн ажилдаа орж чадахгүй. Үүнийг маш олон жишээ, баримтаар тайлбарлаж болно.

-Та  ХХААХҮ-ийн дэд сайд байсан хүн. Одоо байгаа гишүүд тойргийнхоо асуудлыг төрийн түвшинд хэр хүргэж чадаж байна гэж харж байна вэ?

-Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд бол энэ талаар тун тааруу ажиллаж байгаа гэж боддог. Үүнийг жил бүрийн батлагдсан төсвөөс харж болно. Аймгийн хөгжилд  нөлөөлөхүйц  бүтээн байгуулалтын ажлууд  хийж чадахгүй байна. Ганц жишээ хэлэхэд,  зэрэлдээ оршдог Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум, Увс аймгийн Бөхмөрөн сумын хөгжил бол газар тэнгэр хоёр шиг ялгаатай. Баян-Өлгий аймгийн төвийн хөгжил, өнгө үзэмжийг зэргэлдээ Ховд, Увс аймгийн төвтэй харьцуулахад бас л эрс ялгаатай. Хөгжлөөс хол хоцорсон нь олон зүйлээс ажиглагддаг.

Зарим УИХ-ын гишүүн аймгийн замтай холбоотой бүх тендерийг авдаг мөртлөө нүдэнд харагдах, өнгөтэй өөдтэй юм харагдахгүй байгаа. Хийсэн юмын чанар, өнгө үзэмж нь тааруу учраас иргэд байнга шүүмжилдэг. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд нь идэвх санаачилгатай, сайн ажиллахгүй бол хэчнээн Засаг дарга гарч ирээд юу ч хийж чадахгүй гэдэг нь бодит амьдралаас харагдаж байгаа юм. Ер нь хувийн бизнесгүй, төрийн албаны туршлагатай, өндөр боловсролтой, ёс зүйтэй хүн л УИХ-д гарч ирэх хэрэгтэй гэж боддог. Тиймээс ард түмэн зөв, цоо шинэ сонголт хийх шаардлагатай байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Холбоотой мэдээ