“Ээжийг хэл амаар доромжиллоо” хэмээн шөнө айлын гэрт нэвтэрч зоджээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-07-09 12:25:07

Хөвсгөл аймгийн харъяат О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Ээжийг хэл амаар доромжиллоо” хэмээн Э-ын гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч Б, С нарыг зоджээ.

I Б-ын толгой, цээж рүү нь өшиглөж, дух, хамар, зүүн шанаа, чамархай, зүүн мөрөнд зулгаралт, доод уруул, баруун, зүүн мөрөнд цус хуралт, дээд уруулд язралт, баруун дээд нэгдүгээр үүдэн шүдэнд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Мөн С-ийн  эрүү рүү  өшиглөн, сандлаар  толгой руу нь цохиж зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний доод зовхинд цус хуралт, уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

О-нь мөрдөн шалгалтын үеэр: “Хөдөөнөөс бензин тос авах гээд орж ирсэн. Тэгээд буцаад гарах гэтэл манай ээж залгаад намайг Б гэж хүн хэл амаар доромжлоод байна гээд утсаар ярьсан. Тэгэхээр би буцаж орж ирээд Э гэдэг айлд очиход Ц, Э, Б нар манай ээжтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн халамцуу байдалтай байсан. Жаахан хоорондоо маргалдсан. Гэнэт миний уур хүрээд Б-ыг сууж байхад гараараа шанаа руу 2-3 удаа цохиод орон дээр сууж байсан Ц гэж хүнийг урдаас олон юм яриад байхаар хөлөөрөө доод уруулын сэт өшиглөсөн. Гараараа Ц, Б хоёрыг шанаа болон толгой руу 2-3 удаа цохиод гараад явсан. Тэр орой шууд хөдөө гараад явсан. Ийм зүйл болсон…”

  • Улмаар О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Холбоотой мэдээ