"Орон нутгийг чиглэсэн цуваа үүсэж, жолооч нар урсгал сөрж осол гаргаж байна"

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-07-10 21:55:14

Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг "Галзуу харын худаг" гэх газарт өнөөдөр /2022.07.10/ 18:00 цагийн орчимд зам тээврийн осол гарчээ. Уг осол урд яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ хориглосон нөхцөлд үйлдсэнээс болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Ослын улмаас хүний амь нас хохироогүй. Автомашинд зорчиж явсан хүүхдүүдийг нарийн шинжилгээнд хамруулахаар эмнэлэгт хүргэжээ.


Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэ "Баяр наадмын амралтын өдрүүд эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатараас орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдлээ.

Зам тээврийн осолд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол хурд. Суурины гаднах замд 80 км цагийн хурдтай зорчих ёстой.

Хоёрдугаар шалтгаан нь нойр. Олон хоногоор аялж, зугаалж яваа хүмүүс хэт ядарсан үедээ, шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл жолооддог. Улмаар нойрмоглож замын хажуу руу онхолдох осол маш их гардаг.

Орон нутгийг чиглэсэн замын хөдөлгөөний  эрчим нэмэгдэж, урт цуваа үүсэж байгаа. Энэ үед урсгал сөрөх, аюултай нөхцөл байдалд гүйцэж түрүүлэх үйлдлийг ихээр хийж байна. Орон нутгийн зам бол дадлагын зам биш. Ядраад байвал туршлагатай хүнд жолоогоо шилжүүлэх хэрэгтэй. Туршлагагүй, жолооч биш хүнд шилжүүлснээс болж осол гаргадаг.

Мөн хөдөө, орон нутгийн замд цагдаа байхгүй гээд согтууруулах ундаа хэрэглэдэг. Энэ он гарснаар согтуу жолоочийн буруутай үйлдлийн улмаас 451 осол бүртгэгдэж, 43 хүн амиа алдсан байна. Согтуу жолоочийн гаргасан 10 осол бүрийн цаана нэг хүний амь эрсдэж байна гэсэн үг.

Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглосон газар үйлдэх нь маш эрсдэлтэй. Та урдаа яваа нэг, хоёр машиныг гүйцсэнээр очих газраа товчлохгүй. Тиймээс хүлээцтэй, соёлтой явахыг анхааруулж байна. "Аажуу явбал аяндаа хүрнэ" аяныг дэмжээд аажуу, тайван яваарай гэж уриалмаар байна. Мөн зөвхөн урд суусан биш автомашинд яваа хүн болгон хамгаалах бүсээ зүүх хэрэгтэй" гэв.


Холбоотой мэдээ