Улсын харцага О.Хангай түрүүлж, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэлээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-07-13 07:17:19

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдлаа. 

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны арвын даваа өндөрлөлөө.

Үндэсний их баяр наадамд Ховд аймгийн Буянт сумын харъяат, "Аврагч" спорт хорооны бөх, Улсын харцага О.Хангай түрүүлж, Сэлэнгэ аймгийн харъяат, "Таван Хан" дэвжээний бөх, Улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэлээ.


Хүчит 1024 бөхийн барилдаанд харцага О.Хангай түрүүлснээр Монгол Улсын 25 дахь аварга цолтноор тодорч байна.

Улсын харцага О.Хангай 1990 онд төрсөн, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм. 

Тэрбээр 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав давж, аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж, зургаа даван шөвгөрч, "Улсын харцага" цол хүртсэн.

2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Бямбадоржоор дөрөв давж, тавын даваанд улсын начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон.

2020 онд, 2019 онд улсын начин Д.Цэрэнтогтох сэргээш хэрэглэсэн тул Ардын хувьгалын 99 жилийн ойн баяр наадмын дараахан давааг нь нөхөн олгож, чимэг нэмсэн.

Улсын харцага Баярсайханы Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн. 

95 кг жинтэй, 180 см өндөр. "Боохой" хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, "Аварга” БТДС-ийн оюутан.

Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд анх удаа барилдаж, 21-хэн насандаа улсын начин цол хүртэн, монгол түмнээ баярлуулсан.

Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх давтсан юм.

Б.Орхонбаяр 2019 онд начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болсон билээ. 

Тэрбээр өнгөрсөн жил улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон.

Гэвч Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул хэдхэн хоногийн өмнө түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм.

Б.Орхонбаяр 2022 оны Ардын хувьсгалын 100,101 жилийн ойгоор Ц.Содномдорж арслангаар 7 давж, Улсын заан цол хүртэж,  Улсын заан Б.Бат-Өлзийгөөр 8 давж, Улсын гарьд цол хүртэж, Улсын даян аварга Н.Батсууриар 9 давж, улсын арслан цол хүртсэн. Өнөөдөр ийнхүү шинэ цолоо түрүүгээр мялаалаа.




Холбоотой мэдээ