Бүжиглэж буй бичлэг нь задарсны дараа Финландын Ерөнхий сайд мансууруулах бодисны шинжилгээ өгчээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-08-20 09:19:25

Финландын Ерөнхий сайдын найзуудтайгаа үдэшлэгт бүжиглэж буй бичлэг нь задарсны дараа сөрөг хүчний улс төрчид түүнийг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй хэмээн хардсан. Тэгвэл тэрээр бусдын эргэлзээг арилгахын тулд мансууруулах бодисын шинжилгээнд хамрагдсанаа сэтгүүлчдэд мэдэгджээ. 

Баасан гарагт Хельсинкт болсон хэвлэлийн хурлын үеэр 36 настай Ерөнхий сайд Санна Марин шинжилгээ өгч, хариуг нь ирэх долоо хоногт авна гэж хэлсэн байна. Тэрээр өөрийгөө хэзээ ч мансууруулах бодис хэрэглэж байгаагүй гэдгээ онцолжээ. "Би хэзээ ч хууль зөрчиж байгаагүй. Өсвөр насандаа ч ямар ч мансууруулах бодис хэрэглэж үзээгүй" хэмээгээд бусдын эргэлзээг арилгахын тулд ийнхүү шинжилгээ өгсөн гэв. 

2019 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж байгаа Санна Маринаас сэтгүүлчид "Үдэшлэгт байх үед тань Засгийн газрын шуурхай бөгөөд хариуцлагатай шийдвэр гаргах тохиолдол гарсан бол та чадах байсан уу?" гэж асуухад "Шөнө дундад Төрийн зөвлөлийн ордонд очих шаардлага нэг ч удаа гарч байгаагүй. Би өөрийн үүрэг хариуцлагаа хангалттай сайн биелүүлдэг. Харин үдэшлэгт явсан тэр өдөр ямар ч хурал болоогүй" гэжээ.

Тэрээр бичлэг хийж байсныг мэдсэн ч бичлэгийг нийгмийн сүлжээнд тавьсан нь түүнд таагүй санагдсан гэв. Түүнчлэн "Ажлын цаг ч, амралтын цаг ч байдаг гэдгийг хүмүүс ойлгоно гэж найдаж байна" гэжээ.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ