"Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төрийн нууц мэдээллүүдийг ил болгоно"

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-09-12 11:56:23

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Тавантолгойн уурхайгаас урд хил хүртэлх 233 км төмөр замын нээлтэд оролцсон юм. Тэрээр “Санжийн Баярын Засгийн газрын эхлүүлсэн төсөл өнөөдөр (2022.09.09) дуусаж байна. Замчид амаргүй нөхцөлд  ажилласан. У.Хүрэлсүх Ерөнхий сайд энэ төслийг гацаанаас гаргаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүлээн авлаа. Энэ төмөр зам манай улсын экспортод томоохон нөлөө үзүүлнэ. Экспорт өсөхөөр валютын нөөц өснө, төгрөгийн ханшид эергээр нөлөөлнө. Энэ нь инфляцаар дамжин иргэдийн амьжиргаанд мөн нөлөөтэй” гэв.

Засгийн газрын 2019.05.17-ны өдрийн 196 дугаар тогтоолоор “Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн ажил, түүнд оролцуулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн тоо хэмжээ...”-г “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-д нэмсэн.

Иймд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилт, хэчнээн тооны цэргийг дайчлан ажиллуулсан, гэрээ гэх мэт мэдээллийг төрийн нууцад хамааруулжээ. Ч.Хүрэлбаатар эдгээр мэдээллийг төрийн нууцаас гаргана гэв. Тэрээр Сангийн сайдаар ажиллахдаа шинэ төмөр замын ажлыг шалгах шийдвэр гаргаж, Тагнуулын байгууллагад хандан, нууцаас гаргах хүсэлт тавьж байжээ.    

 Хоёр улсын хилийн цэгт ачих буулгах терминал, хил холболтын байгууламж, энэ байгууламжийг төмөр замтай холбох 7 км зам зэргийг 2024 онд барьж дуусгана. Эдгээрт нийт ямар хэмжээний санхүүжилт шаардагдах нь одоогоор тодорхойгүй байна.


Тэгэхээр 2024 оноос Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон төмөр зам валютын орлого оруулж эхлэх нь.

Харин ирэх онд 5-6 сая тонн нүүрсийг шинэ төмөр замаар тээвэрлэхээр төлөвлөжээ. Төмөр замыг “Тавантолгой төмөр зам” компани эзэмшинэ. Тус компанийн 66 хувийг “Эрдэнэс тавантолгой”, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК тус тус эзэмшдэг.

Алсдаа төмөр замын нэг жилийн нийт хүчин чадал 56 сая тоннд хүрсний дараа хос төмөр зам тавих юм байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УБТЗ-ын зөвлөх, “Тавантолгой төмөр зам” компанийн ТУЗ-ийн гишүүн Р.Рааш: 

-1956 оны нэгдүгээр  сарын 3-нд Замын-Үүд-Эрээний төмөр замыг мөнгөн хадаасаар хадаж, зандан дэр мод тавьж, тухайн үеийн Төмөр замын орлогч дарга н.Дамбадаржаа нээсэн түүхтэй. Үүнээс хойш 66 жилийн дараа бид урд хөрштэйгээ хоёр дахь төмөр замын гарцаа нээв.    

Би төмөр замчид, монгол залуусаараа маш их бахархаж байна. Бүтээн байгуулалтад Монголын шилдэг залуус, сор болсон эрдэмтэд ажилласан. Энэ төмөр зам бол монголчуудын гараар хийсэн ажил биш монголчуудын оюунаар бүтээсэн ажил юм. Дэлхий биднийг гайхаж харж байна.

Энэ төмөр замаар нүүрс, зэс тээвэрлэхэд нэг тонны зардал нь 9 ам.доллар болж буурна.  Орчин үеийн төмөр замын хөгжлийн эрин үед замыг байгууллаа. Бид өмнө нь Эмээлтээс хойшоо 10 км төмөр замыг уулзваргүй тавьсан. Харин энэ зам 233 км урт. Ямар ч дуу чимээгүй, эвдрэл бага гарна гэсэн үг. Мөн гараар мөрлөж төмөр зам тавьсангүй. Экскаватор буюу бага механик ашиглажээ.

Зам дагуу 400 гаруй урт гүүр барих нь мөн л манай улсын хамгийн урт гүүр болно. Манай улсын тээврийн салбар, эдийн засагт том хүчин чадал бий болов. Энэ төмөр замаас манай улсын хөгжил, бидний ахуй шууд хамаарна. Хэдэн бор төгрөг дээр л бидний амьдрал тогтож байна.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж:Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барих ажлыг аймгийн малчид анхнаас нь дэмжиж, талархан хүлээн авсан. Улсын эдийн засагт нөлөө үзүүлэх төмөр зам тул хэдэн км тойрч малаа бэлчээх зэрэг нь хүндрэл үүсгэхгүй. Одоо нөхөн сэргээх ажил дутуу байна. Машинаар тээвэр хийж буй жолооч нарт олон зуун иргэн, байгууллага үйлчилгээ үзүүлдэг. Төмөр замынхан маань тэднийг дэмжин, хамтран ажиллана гэж найдаж байна. Манай аймгийн олн зуун хүн энэ төсөлд гар бие оролцон ажиллалаа.

Өмнөговь аймгийн байгаль орчинд тулгамдсан асуудал нь тоосжилт, усны хомстол юм. Энэ бүсэд төмөр замаар тээвэр хийснээр тоосжилт буурна. “Монголын төмөр зам” компани ирэх оноос энд төв офисоо ажиллуулснаар ажлын байрууд бий болно гэв.                

Холбоотой мэдээ