10 мянга гаруй саналд үндэслэсэн "ПАРКАА ХАМТДАА БҮТЭЭЕ" төслийн 3D зургууд

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-04-22 23:03:48

Рио Тинто Монгол компани нь нийслэлийн зүрхэн хэсэгт буюу Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх 10.2 га талбайг ногоон байгууламжаар тохижуулж, 4 жилийн дараа олон нийтэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа билээ.

Энэхүү “Паркаа хамтдаа бүтээе” төсөлд иргэдийн оролцоог хангахын тулд тус компани өнгөрсөн оны 4-р улиралд иргэдээс 10 мянга орчим санал хүлээн авч, хүмүүс энэ талбайд юу байлгахыг хамгийн их хүсэж буйг судалж, түүнд үндэслэн зураг төслөө гаргасан байна.

Тэд шинээр бий болох ногоон хүрээлэнгийн дэлгэрэнгүй зураг төсөл, концепцийг албан ёсны вэбсайт болох Parkrio.mn-д нийтэлжээ. 

Зураг төслийн хүрээнд төслийн талбайн газар шорооны ажлыг удахгүй эхлүүлнэ. 



Ирээдүйд бий болох ногоон хүрээлэнгийн 80% нь ногоон байгууламж, ботаникийн цэцэрлэг, 20% нь тухлах талбай буюу суух сандал, саравч, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэрэг байхаар зураг төсөл гарчээ. 

Ийнхүү хотын төвд олон нийтийн орон зай бий болгосноор эрүүл мэнд талаас иргэдийн стресс буурах, сэтгэл санаа тайван байх, сэтгэл ханамжийн түвшин нэмэгдэх, нийгмийн хүчин зүйлс талаас соёлыг дэмжиж, нийгмийн ялгаатай байдал буурч, нэгдмэл байдлыг дэмждэг байна.

Гэхдээ эдгээр 3D зургууд шиг үзэсгэлэн төгөлдөр паркийг бий болгоход нэг зун хангалтгүй. Анхны ногоон ургамлыг суулгахаас эхлээд бид багадаа 4 жил, нийт 10 орчим жил хүлээх аж. Учир нь, тохижуулах талбайн хөрсийг шинэчлэх, модыг шинээр тарьж ургуулах, усалгааны системийг бий болгох, цаашид өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай амьд цэцэрлэгт хүрээлэн босгоход олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа орох нь гарцаагүй.

Холбоотой мэдээ