ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Хөдөлмөрийн баатар уурлаж, “Хан Ги Тэ” Монголд ирэв

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-06-18 23:41:36

БАНКНУУДЫН 1 ХУВИЙН ШИМТГЭЛИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ШҮҮХ ҮЗЭВ

Иргэн арилжааны банкнаас 10 сая төгрөгийн ипотекийн зээл авлаа гэхэд 100 мянган төгрөгийг суутгаад 9.9 сая төгрөг шилжүүлдэг. Үүнийг ШӨХТГ-аас банкнуудын зээл судалсны шимтгэл болох нэг хувийг үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм.

Гэвч банкнуудын зүгээс энэ шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон. Иймд ШӨХТГ-аас давж заалдах шатны шүүхэд ханджээ. Давж заалдах шатны шүүх хурлаар банкнууд нийт зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгах нь үндэслэлгүй гэж шийдвэр гаргав.


НААДАМ АЙСУЙ

Наадмын нээлт, хаалтын тоглолтыг зохион байгуулах найруулагчийн багийг зарлалаа. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын тоглолтыг “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар найруулахаар болсон. Харин найруулагчийн багийн бүрэлдэхүүнд ерөнхий продюсераар "Sweetmotion" хамтлагийн дуучин Э.Ганболор,  дууны найруулагч Д.Мөнх-Оргил, төслийн менежер О.Анужин ассистант найруулагчаар А.Чингүн нар ажиллана. 


ЭЕШ ЭХЭЛЛЭЭ

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-ны өдөр улс, орон даяар эхэллээ. Энэ жил 34432 шалгуулагч бүртгүүлснээс энэ онд 12 дугаар ангийг төгсөж буй 30744 суралцагч байгаа бол өмнөх оны төгсөгч 3688 байна.

 Шалгалт англи хэл, түүхийн хичээлээр эхэлсэн бөгөөд англи хэлний шалгалтад хот, хөдөөгийн 33 шалгуулагч 800 оноо авчээ. Мөн ЭЕШ-тад хамрагдаж буй шалгуулагчдыг бүртгэлийн хуудсаа үзүүлээд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг холбогдох байгууллагууд хийв.

Элсэлтийн ерөнхий шалгалт 06-р сарын 15-аас 18-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 47 шалгалтын төв дээр зохион байгуулагдах бөгөөд хөдөө орон нутагт 23, нийслэлд 24 шалгалтын төвд болж байна.


ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ТИЙЗ ЕСӨН ЧИГЛЭЛД ХЯМДРАВ

Төрийн өмчит МИАТ компани орон нутгийн 9 чиглэлд 7 хоногт 1-3 удаа хямд үнээр нислэг үйлдэхээр болжээ. Энэ талаар Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Долдугаар 1-нээс эхлэн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн есөн чиглэлд долоо хоногт 1-3 удаа нислэг үйлдэнэ. Үнийн хувьд Баян-Өлгий аймаг руу нисэх тийз хоёр талдаа 1.7 сая төгрөгийн үнэтэй байсан бол хоёр талдаа 810-900 мянган төгрөг, нэг талдаа 405 мянгаас 450 мянга болж хямдарна. Ховд аймаг хоёр талдаа 1.5 сая төгрөг байсан бол 810-902 мянга, нэг талдаа 400-451 мянга болж байгаа" гэв.


ХӨДӨЛМӨРИЙН БААТАР УУРЛАВ

“Гацуурт”-ын Л.Чинбат захирал машинаараа адуутай залуус хөөж буй бичлэг цахим орчинд тарсан.

Тэрээр энэ талаар нүүр номдоо  “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна” гэсэн бол цагдаагийн байгууллагад үүнтэй холбоотойгоор "Гарал үүслийн бичиггүй адуу нутаг руу оруулах гээд байна, оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гээд хөөгөөд байна гэх" дуудлага иржээ.

ХА ГИ ТЭ МОНГОЛД ИРЛЭЭ

Солонгосын JTBC телевизийн бүтээж буй “Couriers in Mongolia” нэвтрүүлгийн хүрээнд тус улсын нэрт жүжигчин, дуучид Монголд хүрэлцэн иржээ. Монголчууд жүжигчин Жан Хёг-ийг “Сэргэлэн охин Ян Сун” киноны гол дүрээр сайн танина.

“Couriers in Mongolia”-г энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн үзэгчдийн хүртээл болгохоор зорьж байна. Хүргэлт, шуудангийн үйлчилгээг танилцуулах зорилготой уг шоу гадаад оронд зураг авалтаа хийж буй гэдгээрээ онцлог. Одоогоор нэвтрүүлгийн нэрийг өөрчлөх эсэх нь шийдэгдээгүй байна.


Холбоотой мэдээ