Б.Пүрэвдорж: Хатуу хөл хорио тогтоовол ААН-үүд тэсэхгүй

Улс Төр
tserenjargal1@yahoo.com
2021-03-27 10:22:43

ТАВДУГААР САРААС ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙГ ЗОГСООНО

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржхандын Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Covid-19 цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар тавьсан асуулгын хариуг сонсч эхэллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг асуулгын хариуг өгч байна. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Гадаад харилцааны яам Covid-19  халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. Үүнд эх орондоо ирэх хүсэлтэй иргэдэд тавигддаг байсан олон шалгуурыг хялбаршуулж, иргэдийг татан авах төлөвлөгөө хуваарийн талаар санал боловсруулах, гадаад улстай дипломат шугамаар тохиролцох, нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийг үе шаттай зохион байгуулж татан авах, тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд байр хоол зайлшгүй шаардлагатай бусад хэрэгцээг ханган мөнгөн тусламж үзүүлэх зэрэг заалтуудыг оруулсан. Өнөөдрийн байдлаар тусгай  үүргийн нислэг болон газраар нийт 31.168 иргэнээ татаж авчээ.  Тусгаарлалтын хоногийг бууруулж, нислэгийн тоог нэмэгдүүлж гадаадын агаарын тээврийн нислэгийг шат дараатай сэргээж байна. Ингэснээр яаралтай нутаг буцах хүсэлтэй бүх иргэнээ тавдугаар сарын 1-н  гэхэд эх орондоо ирүүлнэ. Түүнчлэн Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу МИАТ компани нислэгийн  тийзийн үнээ гуравдугаар сарын 1-ээс эхлэн  15 хувь болгон бууруулсан. Цаашид Монгол Улсын хилийг тавдугаар сарын 1-ээс эхлэн шат дараатай нээх тул тавдугаар сараас тусгай үүргийн нислэгийг зогсоож тогтмол хуваарьт нислэг рүү шилжүүлнэ. Дөрөвдүгээр сард зарласан тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд тийзээ шууд худалдаж авна.

Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сангаас 2020 онд 432 иргэнд 360.9 сая төгрөг, 2021 оны эхний гурван сарын байдлаар нийт 46 иргэний нислэгийн тийз болон тусгаарлах байрны зардалд нийтдээ  97 сая төгрөгийн  дэмжлэг үзүүлсэн.  Улсын онцгой комисст ард иргэд, ААН байгууллагуудын зүгээс цугларсан хандивын хөрөнгөнөөс 300 сая төгрөгийг цар тахлын улмаас гадаадад гацаж, санхүүгийн хүндрэлд орсон нутаг буцах боломжгүй иргэдэд зориулан хилийн чанадад байгаа иргэдэд туслах  санд төвлөрүүлсэн. Энэхүү нэмэлт 300 сая төгрөгөөс 201 иргэний тусгаарлах байрны төлбөр болон бусад дэмжлэг үзүүлэхэд 195 сая 458 мянган төгрөг зарцуулж одоо 104 сая 541 мянгган төгрөг үлдсэн байна.

Дараа нь гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Гадаадад гацсан иргэдийг эх орондоо авчрахын тулд дотоотын халдварыг хумих, вакцинжуулалтыг түргэсгэх шаардлагатай. Энэ чиглэлээр ямар бодитой ажил хийх вэ. Гадаадаас ирэх нислэгүүдээр мутацид орсон Covid-19 халдвар орж ирэх өндөр магадлалтай байна. Тэгэхээр ирж байгаа иргэдээ хаана тусгаарлах вэ. Бөхийн өргөө болон “Буянт-Ухаа” цогцолборт тусгаарлахад эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэж би хувьдаа  ойлгосон. Төсвийн хөрөнгөөр өнөөдрийг хүртэл хичнээн вакцин авсан бэ?

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: 

Хоёрдугаар сарын 22-нд Энэтхэг улсаас 150 мянган тун АстраЗенека вакциныг авсан. Мөн Хятад улсаас 300 мянган тун Синофарм вакцин, хоёрдугаар сарын 27-нд ОХУ-ын 10 мянган тун  Спутник-5 вакцин, гуравдугаар сарын 12-нд Ковакс хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 114 мянган тун АстраЗенека вакцин,  гуравдугаар сарын 24-нд 27 мянган тун Файзер вакциныг татаж авсан.

Ковакс хөтөлбөрийн хүрээнд 600 мянган иргэнийг дархлаажуулах  1.2 сая тун вакциныг үе шаттайгаар  үнэ төлбөргүй олгох ёстой. Нэмэлт эх үүсвэр бий болгох чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа. 1.5 сая тун Файзер вакцин, нэг сая тун  Спутник-5 вакцин, 900 мянган тун  Синофарм вакциныг арилжааны шугамаар авахаар яриа хэлэлцээрийг хийж байгаа.

Хоёр хөрш улстайгаа үндсэндээ тохиролцсон. Спутник-5 вакцин дөрөвдүгээр сард орж ирнэ. Нарийн хугацаагаа тогтоогүй. 900 мянган тун Синофарм вакциныг гурав хуваагаад эхний ээлжийн 300 мянган тун вакцин дөрөвдүгээр сарын 2-нд ирнэ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Өнөөдөр 11:00 цагийн байдлаар халдварын 437 тохиолдол шинээр илэрсэн. Үүнээс 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 116 тохиолдол нь өмнө халдвар авсан байсан иргэдийн ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэд юм. Үлдсэн 66 тохиолдол нь найман аймагт гарсан.

Халдвар мутацид орсныг илрүүлэх лабораторийг ирэх дөрөвдүгээр сарын  эхээр байршуулна. Тоног төхөөрөмжийн захиалга  хийгдсэн. Лабораторид ажиллах  боловсон хүчинг Япон руу 14 хоногийн хугацаатай явуулсан. Одоогоор Монгол Улсад мутацид орсон Covid-19 халдвар орж ирээгүй. Гадаадаас ирж байгаа иргэдээс хоёр удаа шинжилгээ авч, арван хоногийн хугацаатай тусгаарлаж байгаа. “Буянт-Ухаа” цогцолбор болон Бөхийн өргөөг нөөц хэлбэрээр бэлдэж байгаа. Хөдөө орон нутагт халдвар алдсан шалтгаан  нь  Өвөрхангай аймгийн “Сэмжид хужирт” амралтын газраас улбаатай юм болов уу гэж хардаж байна. Тухайн үед 127  хүн амарч байснаас 54 нь нийслэл, үлдсэн нь бусад аймгийн иргэд байсан. Одоогоор 12 аймгийн иргэд амарсан гэсэн мэдээлэл бий. Мөн хот хоорондын хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор халдварууд хөдөө орон нутагт гарсан.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн асуулт асуув. Тэрбээр “Дотоодын халдвар үнэхээр хүндэрч эхэлж байна. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй болжээ. Тиймээс халдварыг хумих арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хорих, хумих тактик эдийн засгийг дэмжих бодлоготойгоо зөв хослуулж явуулах шаардлагатай. Хэт задгай хаяснаас үүдэн сүүлийн өдрүүдэд халдвар нэмэгдэж байна. Сүүлдээ дийлэхээ болилоо. Манай эмчилгээний чадамж хэр билээ. Одоо бараг л тулсан байх гэж би бодож байна. Тиймээс энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнээс гадна томилолтоор явж байгаа төрийн албан хаагчдыг бүгдийг нь болиулмаар байна. Хөдөө орон нутагт очиж халдвар тараагаад байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд хамтран ярилцаж байгаа. Санал зөвлөмжөө УОК-д хүргүүлсэн. УОК-оос эцсийн шийдвэр гарна. Хөдөө орон нутагт гарсан халдварын шалтгаануудыг судалж байна.

Шадар сайд С.Амарсайхан: 

-Халдварын тоо эрс өсч байгаа. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Өнөөдөр УОК хуралдана. Эрсдэлтэй гэсэн зарим үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. Цаашлаад дөрөвдүгээр сарын 5-н хүртэл аймаг орон нутаг болон Улаанбаатарт шаардлагатай газруудад хэсэгчилсэн хязгаарлалт хийхээр төлөвлөсөн. Халдварын тохиолдлын тоо буурахгүй, нэмэгдээд байвал дөрөвдүгээр сарын 5-аас хатуу хөл хорио тогтооно гэдгийг иргэддээ хэлсэн. Шинжилгээ, тусгаарлалтын байртай холбоотой албан тушаалтнуудын асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Жагсаал цуглааны үйл ажиллагаа хориотой байгаа. Жагсаал хийсэн иргэдэд хуулийнхан зөвлөгөө өгч, холбогдох арга хэмжээ авсан.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Хүүхдүүдийг амраахгүй юм уу. Амралтгүйгээр хичээл хийснээс болоод дэлгэцийн хамааралтай боллоо. Багш нар, хүүхдүүдийн аль, аль нь ядарч байна. Сайдын тушаал гарсан гэсэн. Энэ талаар мэдээлэл авмаар байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

Улирлын амралтаар амарна. Ирэх долоо хоногт амралт эхэлнэ. Амралтаар хичээллэж болох тухай тушаал гарсан учир нь эцэг, эх болон сургуулиаудаас хичээл эхлээд сар хүрээгүй байхад дахин амрах нь хоцрогдлоо нөхөх боломжгүй болж байна гэсэн санал гарсан. Түүнээс биш яамнаас шууд шийдвэр гаргаагүй. Нөхцөл байдалтай уялдуулан яамнаас тушаалаа өөрчилж болно. Монгол Улсын хэмжээнд 174 мянган хүүхэд хичээлээсээ хоцорсон байгаа. Сургуулиудын хувьд үүссэн хоцрогдлыг нөхөх нь томоохон сорилт болж байгаа учраас үүнийг шийдвэрлэх зорилготой байсан. Сургууль болон орон нутаг нь амралтаар хичээллэх эсэхээ сонгож болно. 7-8 аймагт халдварын голомт үүсээд хичээл завсардах нөхцөл байдал үүсээд байна.

УИХ ын гишүүн С.Одонтуяа:

-Өмнөх Засгийн газрын УОК маш их цаг алдсан. 2020 оны зургадугаар сард дулаахан байхад бүх иргэдээ авчирмаар байна гэх санал гаргахад дэмжээгүй. Гадаадад байгаа иргэдийг дэндүү их хохироосон. Маш олон хүн амь нас, хөрөнгө мөнгөөрөө хохирсон. Хүний эрхийн зөрчил дээд цэгтээ тулсан. Гадаадад байгаа иргэдээ нэг жилийн хугацаанд нохойноос дор байлгасан шүү. Гадаадад байгаа иргэдэд үзүүлж байгаа бодит дэмжлэг хангалтгүй байгаа. 300 сая төгрөгийн тусламж гэдэг маш бага. Засгийн газар нэг жийп машиныг бараг 300 сая төгрөгөөр авдаг шүү дээ. Тиймээс одоо дахиад 300 сая төгрөг төсөвлөж өгөөч гэж хүсч байна. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд туйлдаж, мөнгөгүй болж байна. Тиймээс санхжүүжилтийг шуурхай шийдвэрлэж нэг хүнд гурван сая төгрөг ч болтугай өгөөч гэж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Засгийн газар Covid-19 халдварын өмнө ялагдсан хоёр дахь засгийн газар болчих шиг боллоо. Өнөөдөр байгаа байдлыг нь хар. Халдварын тоо өдрөөс өдөрт өсч байна. Би хэлж байсан. УИХ-ын дарга Японтой адил хөгжье  л гээд байгаа. Гэтэл Япон улс ганцаардалтай тэмцэх яам хүртэл байгуулж байна. Covid-19 халдвартай тэмцэх бүтэц байгуул гэж би хэлж байсан удаатай. Хэлсэн ярьсныг хийж байсан бол ийм юм болохгүй. Зөв шийдвэр ард түмэнд таалагддаггүй.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян:

-Мутацид орсон вирус дээр Улсын онцгой комиссоос онцгой анхаарч байгаа. Гадаадаадаас ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарладаг байсан бол 10 хоног болгож бууруулсан. Цаашид эмнэлзүйн шинж тэмдгээс хамаарч энэ хоногийг  дахиад долоо хоног тусгаарлах эсэх асуудал дээр судалгаа хийгдэж байна. Ялангуяа Европын улс орнуудаас мутацид орсон халдвар орж ирэх магадлалтай. Засгийн газар, УОК-оос Covid-19 халдвартай тэмцэх чиглэлээр хариу арга хэмжээг шуурхай үр дүнтэй авч хэрэгжүүлсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүн гарсан. Нууц байсан голомтуудыг илрүүлсэн болов ч сүүлийн өдрүүдэд халдварын тоо эрс нэмэгдэж байна. Нийт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд буюу нэг халдвартай хүний цаана 4-5 тохиолдол илэрч байна. Мэдээж эдийн засгаа бодолцох зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Вакцинжуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Эрчимжүүлэх тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын эхээр вакцинжуулалтын нийлүүлэлт явагдаад тавдугаар сарын 10 гэхэд  нийслэлийн иргэдийг бүрэн хамруулж дуусгана.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Дөрөвдүгээр сарын 5-аас 14 хоног хөл хорио тогтоож магадгүй байна. Хатуу хөл хорио тогтоовол компаниуд бүр сүйрнэ. Ийм нөхцөлд вакцинаа хурдан татаж авах хэрэгтэй. Эдийн засгийн хямрал нь эргээд улс төрийг хямраана. Улс орон хүнд нөхцөл байдал руу орох гээд байна. Тиймээс санаачлагатай байгаад вакцинаа хурдан худалдаж ав л даа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

Сангийн яам санхүү, хөрөнгийг шийдэж өгч байгаа. Ямар ч байсан эхний ээлжинд Хятадаас авах 300 мянган тун вакцины мөнгө шийдэгдсэн. Нэг сарын хугацаанд Хятадаас 900 мянган тун вакцины мөнгийг шийдсэн. Оросоос авах вакцины мөнгийг ч гэсэн шийдсэн. Вакцины тасалдал бол үүсэхгүй. Тодорхой хэмжээний нөөцтэй байгаа. Төлөвлөсөн хугацаагаар бол тусламжийн шугамаар ирэх вакцинууд бүгд хугацаандаа ирэхээр байна. Нэмэлт эх үүсвэрүүдийг цаг үеийн байдалтай холбоотойгоор эрчимжүүлэх тал дээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Уг нь  энэ асуулгыг гадаадад байгаа 200 мянган иргэнд тулгамдаж байгаа асуудлаар ярилцах хүлээлттэй байлаа. Харамсалтай нь, өөр болчихлоо. Ер нь цаашдаа бид сэдвийнхээ хүрээнээс гажмааргүй байна. Мэдээж яаралтай асуудал бол ярьж бололгүй л яах вэ. Сүүлийн үед  УИХ, Засгийн газрын зүгээс хүний эрхийн асуудлаар идэвхтэй ярьж байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийг хэрхэн сахин биелүүлэхээс хүний эрхийн асуудал эхэлнэ. Үндсэн хуулийн 19.2 хэсэгт зааснаар “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль бусад хуульд заасан хүний эрхийг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэсэн. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал гэдэг бол онц болон дайны байдал биш. Тэгэхээр зэрэг Засгийн газар эх орондоо эргэж ирэх иргэдийн эрхийг хязгаарлах үндэслэл байхгүй. Тиймээс иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.

Б.Батцэцэг сайдаа 224 сая төгрөг маш бага байна. Эх үүсвэрээ төсвийн тодотголдоо тусгах аль эсхүл 10 их наядын хөтөлбөрт тусгах байдлаар хандах нь зөв. 2020 оны хүн амын тооллогоор манай улсын 122.301 иргэн гадаадад байна. Тэдний 72.3 хувь нь 15-44 насны хөдөлмөрийн идэвхтэй насны иргэд байгаа. Тухайн иргэдийн 46.7 хувь нь суралцахаар, 29.4 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр, 11.9 хувь нь гэр бүлийн шалтгаанаар гадаадад амьдарч байна. Эдгээр хүмүүсийн оролцоог хангах асуудлыг анхаарах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулиар тухайн хүмүүст цахимаар санал өгөх боломж олгоно гэдгээ Засгийн газар зарласан. Тиймээс энэ хүмүүсийн эрхийг нь хангаж өгөөрэй.

Ийнхүү УИХ-ын үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "УИХ-ын гишүүн Т.Доржхандын "Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар тавьсан асуулгын хариуг сонсож дууслаа. Өнөөдөр дотоодын халдварын тоо өдрөөс өдөрт эрс нэмэгдсээр байна. Тийм учраас гадаад байгаа иргэдийн эрхийг хангахын зэрэгцээ дотоодын эмнэлгийн хүчин чадал нарийвчилсан тооцоо, төлөвлөгөөг сайн гаргах хэрэгтэй байна. Хятад улсын жишээг харах хэрэгтэй. Тэд эдийн засгаа ч өсгөөд, Covid-19 халдвараа ч хяналтдаа оруулсан байна. Ер нь дэлхий улс орнууд энэ хүнд цаг үед төлөвлөгөө, тооцооллыг маш нарийвчлан гаргаж ажиллаж байна.

Монгол Улсын хувьд төлөвлөгөөг маш нарийн гаргаж ажиллахгүй бол халдвар тархаагүй хэдхэн аймгууддаа халдвар тархаах эрсдэл өндөр байна. Гадаад харилцааны яам, Засгийн газар Монгол Улсад шаардлагатай вакциныг богино хугацаанд олж, авчирч тавдугаар сард багтаан иргэдээ вакцинжуулж дуусгахын тулд хүчин чармайлт гаргаж байна. Ийм нөхцөл байдалд гишүүд вакцины талаарх буруу мэдээлэл түгээх, вакцинаас татгалзах нь өөрсдийгөө төдийгүй улсдаа эрсдэл учруулж байгаа хэрэг болж байна. Өдөрт 400 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа нь нэг халдвартай иргэний цаана 4-5 хүн халдвар авах эрсдэлтэй байх тооцоолол гарч байна. Иймд вакцинжуулах ажлыг эрчимжүүлэхээс өөр сонголтгүй.

Үүний зэрэгцээ хамгийн чухал зүйл бол хувь хүн бүр дор бүрнээ сахилга хариуцлагыг маш өндөр байлгаж байж энэ нөхцөл байдлаас гарна. Халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиж, маскаа тогтмол зүүх, олон хүнтэй газраар явахгүй зэрэг эцсийн эцэст энэ бүхэн 100 хувь хүнээс хамаарч байгаа. Нөгөө талаас төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд нь иргэж буцалтгүй, тууштай нэг мөр хэрэгждэг, тодорхой үр дүнд хүрдэг байх хэрэгтэй. “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ээс авахуулаад яагаад халдвар бүртгэгдээгүй байсан аймгуудад халдвар алдагдаад эхэллээ.  Иймээс дээр, дооргүй бүх албан тушаалтан  сахилга хариуцлагатай байж богино хугацаанд цар тахлын халдварыг тогтоож, давж гарч чадна. Бидэнд өнгөрсөн 12 сарын сайн туршлага байгаа. Иргэдийн сонор сэрэмж буураад назгайрч байна. Дахин хэлье шинэ эрэн үед орж байгаа учраас сонор сэрэмжээ алдалгүй анхааралтай байх шаардлагатай. Хамгийн амаргүй, бэрхшээлтэй, анхаарал болгоомж нэн шаардсан онцгой цаг үе болж байна” гэдгийг онцоллоо.

Холбоотой мэдээ