Б.Отгон: Оршуулагын газрыг нь ядаж олборлохгүй үлдээчих!!!

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-11-29 00:05:15

Оршуулагын газрыг нь ядаж олборлохгүй үлдээчих!!!

 

Энэ бол Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт төмрийн хүдэр олборлох тусгай зөвшөөрөл авсан "Нүүдэлчин айрон Ресорс" компаний үйл ажиллагаа. Уурхайн лицензтэй талбайгаас  хэдхэн алхмын зайд шарилын чулуунууд нь ирийж байна.  Өвөг дээдсээ нутаглуулсаар ирсэн Өлзийт овооых нь  хөлийг ухаж буй нь энэ. 

Монгол хүн өвөг дээдсээ нутаглуулсан  газрыг ухаж төнхөх байтугай дэргэдүүр нь өнгөрөхдөө хүндэтгэлтэй, дэрний чулуунд нь хүртэл дүүрэн сүсэгтэй явдаг. 

Бүрэгхангай сумын Дэрст багийн нутагт "Нүүдэлчин айрон ресорс "компаний ашиглалалтын лицензээр авсан 967 га газар нь Өлзийт -Овоо хэмээх хүн тавьдаг газрынх нь яг хөлд, Бөхчүүдийнх нь тахиж шүтдэг Бүргэдэй уулын нь яг ард, малын бэлчээр, ус ундтай газар нь ажээ. 7 жилийн өмнө нутгийнханд амласан хатуу хучилттай зам, үйлдвэр барих, олноор нь уурхайд ажиллуулж, ойгүй сайхан амьдруулах  амлалтаа нэгийг ч биелүүлээгүй хирнээ өнгөрсөн зунаас гэнэт ухаж эхэлсэн тус компанийг баг,  сумаараа эсэргүүцээд дийлэхгүй өдий хүрчээ. "Нүүдэлчин групп"-ын охин компани болох "Нүүдэлчин айрон Ресорс" компаний ард нөгөөх л улс төрийн бүлэглэл. Тодруулбал: Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, хожим түүний эгчтэй гэр бүл болсон УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр байх ажээ. Ё.Отгонбаяр нь нэгэн цагт Булган аймгаас УИХ-д сонгогдож байсан. Аль аль нь МАН-ын үнэнч гишүүд юм. Малын бэлчээр, тахилга шүтлэгт энэ газраа ухуулахгүй гэж Дэрст багийн  малчид нь зунжин тэмцэж, багийн иргэдийн нийтийн хурлаараа тус компаний олборлолтын асуудлыг хэлэлцээгүй ч Байгаль орчин аялал жуулчлалын яамны түшмэдүүд тус компаний байгаль орчны нарийвчилсан үнэлгээг баталж өгчээ. Үүнийг илт хууль зөрчсөн үйлдэл гэж нутгийнхан үзэж байна.

Монгол малчин дээдсээс идээшиж дассан нутагтаа малаа маллан амар тайван амьдрах эрхтэй биз дээ. Нэг хоёр хүн, нэг гэр бүлийг баяжуулахын төлөө нийтээр нь амжиргаанаас нь салгаж болохгүй ээ. Малчин хүний аж амьдрал, ирээдүй нь ус, нутаг дээрээ л тогтож байдаг онцлогтой. Ядаж дээдсийг оршоосон нутгийн нь дэрний чулууг хөндөхгүй орхиж болохгүй юу?

Холбоотой мэдээ