Антарктидын тухай гайхалтай баримтууд

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-12-12 23:37:25

Хоёр зууны тэртээ Оросын далайчид нээсэн Антарктид өнөө хүртэл гүйцэт судлагдаагүй л байна. Дэлхийн хамгийн хүйтэн цаг агаар, хотоос ч том мөсөн уул гээд энд гайхалтай бүхэн бишгүй. 

Антарктидад галт уул бий

Хачирхалтай нь, дэлхийн хамгийн хүйтэн бус нутагт манай гаригийн хамгийн идэвхтэй галт уулсын нэг Эребус байдаг. Энэ уул 3794 метр өндөртэй. Анх 1908 онд судлаач Эрнест Шеклтоны тэргүүлсэн экспедици энэ галт уулын оргилд хүрч байжээ. Тухайн үед эрдэмтэд гурван тогоог гурвууланг нь харсан бөгөөд тэдгээрийн хамгийн том нь 805 метр диаметр, 274 метр гүнтэй байх аж. 

 Галт уулын зарим хэсгээс лав, гал, утаа гарах бөгөөд харин ёроолд нь одоо хэр царцаагүй лаваас бүтсэн нуур байдаг аж. Ийнхүү царцаагүй өнөө хүртэл байгаа нь нэн ховор үзэгдэл гэнэ. 

Эребус Өмнөд туйлд байгаа цорын ганц галт уул биш. Саяхан 91 галт уул мөсөн доор байгааг эрдэмтэд илрүүлсэн юм.

Солонгон үүлс

Антарктидад төрөл бүрийн өнгөтэй, нэн үзэсгэлэнтэй үүлс гардаг гэнэ. Ихэвчлэн ногоон, ягаан туяатай болох ийм үүлс гарах нөхцөлүүдийн нэг нь  -78 хэмийн хүйтэн гэнэ. Тиймээс ийм үүлс дэлхийн хамгийн хүйтэн цэгүүдэд үзэгддэг аж.

Антарктид бүхэлдээ мөсөөр бүрхэгддэггүй

Энэ тивийн нэрийг хэлмэгц л эцэс төгсгөлгүй мөсөн тал, цас, мөс л бодогддог. Үнэхээр тийм. Гэхдээ энд Мак-Мердо гэх хөндий бий. Энэ хөндий цасгүй, үргэлж нар ээж байдаг, гэхдээ хэдэн сая жилийн туршид цас, борооны аль нь ч ороогүй тул хуурай хөндий гэж нэрлэгддэг аж.

 Марк-Мердо хөндийн зун -14 хэмийн хүйтэнтэй байх бөгөөд 320 км/цаг хүртэлх хурдтай салхи салхилдаг тул энэ хөндийд хур тунадас ордоггүй юм байна.

Ердөө хоёр төрлийн цэцэгт ургамалтай

Энэ тивийн ургамлын аймаг нь баялаг биш. Энд ердөө хоёр төрлийн цэцэгт ургамал байдаг гэнэ. Антарктидын ургамал энэ тивийн хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицох шаардлагатай байдаг бөгөөд амьсгалах, фотосинтезд ороход шаардлагатай чийг авахын тулд бүх чийгийг хадгалдаггүй, нэг дор шингээдэг аж. Учир нь хүчтэй салхи салхилдаг тул ус, чийг асар хурдан хатдаг гэнэ.


Антарктидийн өнгө өнгийн мөс 

Энэ тивийн мөс ногоон, цэнхэр, тэр бүү хэл улаан ч туяатай байдаг гэнэ. Энэ нь хөлдөх нөхцөл болон гадны хольц орсон эсэхээс шалтгаалдаг аж. Тухайлбал, галт уулын орчмын мөс үнс холилдсоны улмаас хар харагдана. Харин голын ойролцоо үүссэн мөсөн бүрхүүлд шавар холилдсон тул шар эсвэл хүрэн өнгөтэй болдог байна.

Харин планктон, бактери ихтэй газар мөс шар, улаан эсвэл ягаан туяатай болдог бол харьцангуй сүүлд үүссэн мөс цэнхэр эсвэл хөх өнгөтэй байдаг гэнэ.

Антарктид аль ч улсад харьяалагддаггүй 

1961 онд хүчин төгөлдөр болсон Антарктидын тухай гэрээнд энэ тив аль ч улсад хамаарахгүй гэж заажээ. Энэ баримт бичиг нь эрдэм шинжилгээний судалгааг чөлөөтэй хийхэд зориулагдсан бөгөөд олон улсын хамтын ажиллагааг дэмждэг аж.

Мөн аль ч оронд харьяалагддаггүй тул ийшээ зорчиход виз авах шаардлагагүй. Гэхдээ хатуу ширүүн уур амьсгалтай энэ тив жуулчдыг татахад тун хүнд. Энд байгаа хүмүүс гагцхүү Өмнөд туйлыг судлах зорилгоор л ирсэн байдаг аж. 

Тухайлбал, Оросын "Восток" станц дээр 12 дугаар сараас хоёрдугаар сарын хооронд 30-35 эрдэмтэн байрлаж ажилладаг бол бусад үед 12-13 хүн ажилладаг юм байна. Энэ станцыг 1957 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулж, тэр үеэс хойш энэ станцын оршин суугчид цаг уурын өөрчлөлтийг бүртгэж, мөсөн бүрхүүлийг судлаж, агаар мандлын соронзон болон цахилгаан орны өөрчлөлтүүдийг хэмждэг болжээ.

Холбоотой мэдээ