"Шивээ-Овоо" ХК 2020 онд 1.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Эдийн Засаг
enkhchimeg@must.edu.mn
2021-04-05 15:22:47

    Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шивээ-Овоо” ХК 2020 онд 1.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаа тайлагналаа.

    Тайлант хугацаанд тус компани 1.9 сая тонн нүүрс борлуулсан байна. Борлуулалтын орлого нь өмнөх оны дүнгээс 3.6 орчим хувиар өсөж, 57.7 тэрбум төгрөг хүрчээ. Хэдий тийм боловч энэ нь төлөвлөсөн хэмжээнээс доогуур гарсан үзүүлэлт аж. 2020 оны долоодугаар сарын нэгнээс нэг тонн нүүрсний үнийг 3000 төгрөгөөр нэмэгдүүлж, 32 мянга 60 төгрөг болгохоор төлөвлөөд байсан ч цаг үеийн байдлаас шалтгаалан үнэ нэмэгдүүлэх боломжгүй болсон нь үүнд нөлөөлсөн гэж тайланд дурджээ.

    “Шивээ-Овоо” компани дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 30 хувийг хангадаг. Ялангуяа Дулааны IV цахилгаан станцын нүүрсний хэрэглээний 48 хувийг нийлүүлдэг байна.

    Үүнээс гадна тус компани “Covid-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор "Аюулгүйн бүс" тогтоон ажиллаж байгаагаа тайландаа онцолсон байна.

    Монголын Хөрөнгийн биржид “Шивээ-Овоо” компанийн хувьцааны ханш 1630 төгрөг байна. Зах зээлийн үнэлгээ нь 21.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. Нийт хувьцааных нь 90 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшиж байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

                                                                                                                                                                Эх сурвалж: GoGo.mn

Холбоотой мэдээ